БНХАУ-ын дотооддоо бие даан зохион бүтээсэн 10 тоннын ангиллын цахилгаан хөдөлгүүрт арилжааны CE-25A нисэх онгоц арваннэгдүгээр сарын 14-нд Шаньдун мужийн Биньжөү хотод нисгэгчтэй анхны нислэгээ амжилттай үйлдлээ.
Туршилтын нислэгийн үеэр онгоцонд хоёр нисгэгч, нэг туршилтын инженер сууж, нийт 57 минут 46 секунд ажилласнаас агаарт 16 минут 38 секунд хөөрч, 60.4 километр зам туулсан байна. Нислэгийн явцад онгоцны бүх систем хэвийн ажиллаж, техникийн үзүүлэлтүүд төлөвлөсөн хэмжээнд бүрэн хүрчээ. Энэхүү амжилт нь өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд нисгэгчгүй анхны туршилтаа хийснээс хойших төслийн хөгжүүлэлтийн бас нэгэн чухал шат болж байна.
CE-25A онгоцны техникийн онцлог
Хятадын Иргэний агаарын тээврийн нисэх онгоц үйлдвэрлэлийн корпорацын бүтээсэн энэхүү анхны цахилгаан арилжааны онгоцыг голчлон хот хоорондын зорчигч тээвэрт ашиглах зориулалттай бүтээжээ. Тус онгоц нь:
-
Багтаамж ба жин: 19 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд хөөрөх үеийн хамгийн их жин нь 10 тонн.
-
Хурд ба туулах зай: Цагт 300 километрийн хурдтай, 2,400 метрийн өндөрт нисэх чадвартай бөгөөд нэг цэнэглэлтээр 400 километр хүртэлх зайд аялна.
Уг төслийг батерей үйлдвэрлэгч алдарт CATL компани болон Шанхайн Жяотун их сургууль зэрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар CE-25A онгоц нисгэгчгүй, бие даасан нислэгийн нийт 19 удаагийн туршилтыг ардаа орхиод байгаа бөгөөд Хятадын Иргэний нисэхийн ерөнхий газар тус загварт арилжааны нислэг үйлдэх төрлийн гэрчилгээ олгох хүсэлтийг албан ёсоор хүлээн аваад байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



