Газар нутгаар эвслийн гишүүнчлэл солих уу?: В.Зеленский АНУ-ын тавьсан саналыг дэлгэлээ.
АНУ-ын хэлэлцээний төлөөлөгчид НАТО-гийн гишүүнчлэлээр сольж эх орныхоо газар нутгийн нэг хэсгээс татгалзах боломжийг авч үзэхийг хүссэн талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ.
Тэрээр Баасан гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тус цэргийн эвсэлд элсэхийн оронд зүүн бүсийн Донбассаас цэргээ татах эсэхийг түүнээс анх удаа асуусан хэмээн дурдсан байна. В.Зеленский хэлэхдээ, "Америкчууд надаас 'Хэрэв Украин НАТО-д элсвэл танай улс Донбассаас гарах уу?' гэж асуусан. Ийм асуудал анх удаа хөндөгдөж байгаа нь энэ" хэмээн онцолжээ.
Украины Ерөнхийлөгчийн тайлбарласнаар тэрээр НАТО болон Европын Холбооны аюулгүй байдлын баталгаа, "хангалттай тооны цэрэг, зэвсэг", мөн санхүүгийн дэмжлэгийг багтаасан "аюулгүй байдлын багц"-ын талаар хэлэлцэж байгаа аж. Хэрэв эдгээр нөхцөлийг санал болговол уг тохиролцоог хүлээн зөвшөөрөх эсэхийг Украины ард түмнээс асуух болно гэж тэрээр хэлсэн байна. Бүх нийтийн санал асуулга явуулах эсэх талаар тодорхой дурдаагүй ч "Надад ийм шийдвэрийг ганцаараа гаргах эрх байхгүй" хэмээн нэмж хэлжээ.
Дайн эхэлснээс хойш ихэнх хэсэг нь Оросын хяналтад орсон Донбассын бүс нутгийн асуудал энхийн хэлэлцээний хамгийн том гацаа болсоор ирсэн билээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энхийн гэрээ байгуулах урьдчилсан нөхцөл болгон Украиныг Донбассаас цэргээ гаргахыг өмнө нь шаардаж байсан юм. 2022 оны есдүгээр сард Путин Украины зүүн бүсийн дөрвөн мужийг Орост нэгтгэснийг зарласан ч АНУ, НҮБ болон дэлхийн ихэнх улс орнууд үүнийг хууль бус үйлдэл хэмээн хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна.
В.Зеленский АНУ-ын төлөөлөгчдөд хандан Украинд хамгийн багадаа НАТО-гийн 5 дугаар зүйлтэй (аль нэг гишүүн оронд халдвал бүх гишүүдэд халдсанд тооцох зарчим) дүйцэхүйц аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй гэдгийг хэлсэн байна. Гэсэн хэдий ч энэ хувилбар бодитоор хэрэгжих эсэхэд эргэлзэж байгаагаа тэмдэглээд, НАТО-д элсэх боломжийн талаар илүү тодорхой мэдээлэл шаардлагатай байгааг онцолжээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад



