BBC Monitoring-ийн ахлах шинжээч Виталий Шевченкогийн бичсэн Оросын хэт баячууд, мега-олигархиуд болон Путины харилцаанд таван жилийн хугацаанд гарсан өөрчлөлтийн тухай бичсэн онц сонирхолтой нийтлэлийг хураангуйлан хүргэе.
… 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украин руу бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хэдхэн цагийн дараа Владимир Путин Оросын хамгийн чинээлэг эрхмүүдийг Кремлийн Екатерининскийн танхимд цуглуулж байв. Тэр үед Кремлиэс нийтэлсэн дүрс бичлэг дээр уригдсан тэрбумтнуудын хэн нь ч ганц ч үг дуугараагүй билээ.
Путиний засаглалын олон арван жилийн туршид ам нээх нь ямар өндөр үнэтэй болохыг тэд маш сайн ойлгосон юм. Гэвч энэхүү чимээгүй байдлын цаана Оросын бизнесийн элитүүдийн зарим нь В.Путиний дараах Орос орныг хэдийнээ төсөөлж, шивнэлдэж эхэлжээ. The Economist сэтгүүлийн Кремлийн асуудал хариуцсан тоймч Аркадий Островский саяхан Оросын хамгийн баян хүмүүсийн нэгтэй хэдэн цагийн турш ярилцсаныхаа дараа хэт баячууд улс орныхоо ирээдүйг харах өнцөгт "түүхэн, улс төрийн эргэлт гарч байна" хэмээн дүгнэсэн байна.
ХӨРӨНГӨ НЬ ӨССӨН Ч СЭТГЭЛ ДУНДУУР ҮЛДСЭН ОЛИГАРХИУД
1990-ээд оны "зэрлэг" гэгдэх үед төрийн томоохон компаниудыг хувьчилж, улс төрчдийг гартаа атгаж байсан "олигархиуд"-ыг В.Путин 2000 онд Ерөнхийлөгч болмогцоо номхруулж авсан юм. 2022 онд дайн эхэлснээс хойш Кремль тэднийг "ташуур ба луувангийн" (Аргадах ба айлгах бодлого) хатуу бодлогоор барьж байна. Дайныг шүүмжилсэн хүмүүсийн хөрөнгийг хураасан бол үнэнч үлдсэн хүмүүсийг төрийн томоохон тендер, цэргийн гэрээгээр шагнасны үр дүнд өнөөдөр Оросын тэрбумтнуудын тоо түүхэнд байгаагүйгээр буюу 155-д хүрч, нийт хөрөнгө нь 700 тэрбум ам.доллар болжээ.
Гэвч энэ их мөнгө тэдэнд аз жаргал авчирсангүй. Дотооддоо тэд улс төрийн ямар ч нөлөө худалдаж авч чадахгүй болсон бол гадаадад Өрнөдийн хориг арга хэмжээнээс болж хувийн онгоцоороо нисэж, Европын тансаг боомтуудад дарвуулт завиараа зугаалах эрхгүй болж, жирийн нэгэн гэмт хэрэгтэн мэт гадуурхагдах болсон юм.
ПУТИНИЙ ДАРААХ ГУРВАН ХУВИЛБАР БА НУУЦ ХОЧ
Өнгөрсөн сард 74 нас хүрсэн В.Путиний эрүүл мэнд муудсан гэх шинж тэмдэг одоогоор үгүй ч Москвагийн элитүүд түүнийг нэг л өдөр суудлаасаа бууна гэдгийг сайн мэдэж байгаа. Шинжээчдийн үзэж буйгаар түүний дараа Орос орон гурван замаар явах магадлалтай:
-
Ардчилал: Ардчилсан институцүүд нь бүрмөсөн нурсан тул энэ нь хамгийн магадлал багатай хувилбар.
-
Дарангуйлал үргэлжлэх: Өөр нэгэн хүн Путиний оронд гарч ирэх ч эхэндээ түүн шиг хүчтэй, нөөц бололцоотой байж чадахгүй.
-
Олигархиудын эргэн ирэлт: Тэрбумтнууд эрх мэдлээ эргүүлэн авч, 1990-ээд оны хэв маяг бүхий олигархийн тогтолцоо руу буцах. Мэдээж энэ нь баячуудын хамгийн их хүсэж буй хувилбар юм.
Дүрвэж гарсан сэтгүүлч, шинжээч Александра Прокопенкогийн хэлснээр бизнес эрхлэгчдийн Путиний тухай ярих өнгө аяс хэдийнээ өөрчлөгджээ. Өмнө нь түүнийг хүндэтгэн "Начальник" (Дарга) эсвэл "Первый" (Нэгдүгээрт) гэж дууддаг байсан бол одоо бага зэрэг үл тоомсорлосон өнгө аясаар "Дед" (Өвгөн) хэмээн хочлох болсон байна.
БОРДООНЫ ХААНЫ ГЭНЭТИЙН ЯРИЛЦЛАГА БА АЙДАС
Путиний дараах үеийн тухай тэрбумтнуудын хүслийг хамгийн тод илэрхийлсэн хүн бол дэлхийн бордооны хаан гэгддэг, Оросын найм дахь баян эрхэм Андрей Мельниченко байв. Тэрээр энэ оны эхээр The Economist сэтгүүлд өгсөн ховор ярилцлагадаа Путинийг огцрохыг шууд уриалаагүй ч Орос оронд нэг хүний засаглалыг эцэс болгох өөрчлөлт хэрэгтэй, дэлхий дахинтай илүү нээлттэй харилцах ёстой хэмээн зоригтой дуугарсан юм.
Гэсэн хэдий ч Путин амьд сэрүүн байгаа цагт тэрбумтнууд түүний эсрэг ямар нэгэн бодит алхам хийх магадлал туйлын бага байна. Тэдний айдас Сталины үеийнхтэй адил гүн гүнзгий хэвээр байгаа бөгөөд нэгэн тэрбумтан сэтгүүлчтэй ярилцахдаа нууц албаныхны чагнахаас сэргийлж бүх ярилцлагын турш гар утсан дээрээ сууж байсан гэдэг.
ТАТАР МАЙДАР







Гадаад



