Түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй "Eurovision Song Contest Asia" телевизийн дууны тэмцээний зохион байгуулагчид Монгол Улсыг энэхүү нүсэр шоуны 11 дэх оролцогч орноор албан ёсоор зарласан хийгээд "Азийн Евровишн дууны тэмцээн-2026" (Eurovision Song Contest Asia 2026)-д Монгол Улсыг төлөөлөн Бек буюу Ганбатын Мөнхбаяр оролцохоор боллоо хэмээн тус арга хэмжээний сайтад албан ёсоор мэдээлсэн тухай Zogii.mn мэдээлж байсан.
Тэгвэл Тайландын нийслэл Бангкок хотноо болсон Азийн анхны “Eurovision Song Contest Asia” дууны тэмцээний шигшээ шатанд Филиппиний дуучин Кармель ялалт байгуулсныг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBU) мэдээллээ. Тэмцээний хоёрдугаар байрт зохион байгуулагч орон болох Тайланд, гуравдугаар байрт Вьетнам улс тус тус шалгарсан байна.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, 19 настай Кармель нийт 211 оноо буюу үндэсний шүүгчдээс 93, үзэгчдийн саналаас 118 оноо авч, хоёр төрөлд хоёуланд нь тэргүүлжээ.
Тайландын MANG x DAOU хослол “Aroma” дуугаараа 170 оноо авч удаалсан бол Вьетнамын дуучин Ток Тиен “EM TIÊN” бүтээлээрээ 164 оноо цуглуулж гуравдугаар байр эзэллээ. Харин дөрөв, тавдугаар байрт Малайз болон Лаос улсын оролцогчид орсон байна.
Арваннэгдүгээр сарын 14-нд “One Bangkok Forum” танхимд болсон шигшээ тоглолтод Монгол, Филиппин, Тайланд, Вьетнам, Малайз, Лаос, Бангладеш, Бутан, Камбож, Балба болон Өмнөд Солонгос зэрэг нийт 11 орны уран бүтээлчид оролцжээ. Харин Монгол Улсаа төлөөлөн оролцсон Бек буюу Ганбатын Мөнхбаяр "Чамгүйгээр" дуугаар оролцож, шүүгчдээс 57, үзэгчдийн саналаас 37 оноо буюу нийт 94 оноогоор наймдугаар байрт бичигдэв. Түүний өмнө Бутаны Ниендра "Lhayi Semo" дуугаараа шүүгчдээс 55, үзэгчдээс 71 оноо буюу нийт 126 оноогоор зургаадугаар байрт, Өмнөд Солонгосын оролцогч Жүнхи "Deep Dive" дуугаараа шүүгчдээс 61, үзэгчдээс 52 оноо буюу нийт 113 оноогоор долоодугаар байрт оржээ. Харин Г.Мөнхбаярын араас Балбын дуучин Пратик Химал Рай "Ananta Maya" дуугаараа шүүгчдээс 35, үзэгчдээс 34 оноо буюу нийт 69 оноогоор есдүгээрт, Камбожийн дуучин Monetrey "I Let You Go" дуугаараа шүүгчдээс 33, үзэгчдээс 28 оноо буюу нийт 61 оноогоор 10 дугаарт, Бангладешийн Beatmosphere хамтлаг "Tumi Ele" дуугаараа сүүлийн байр эзэлсэн аж.
.jpg)
Азийн хамгийн олон хүн амтай дөрвөн улс болох Хятад, Энэтхэг, Пакистан, Индонез болон Япон улс энэ удаагийн тэмцээнд оролцоогүйг The New York Times сонин онцолсон байна.
Америкийн тус сонины мэдээлснээр, зохион байгуулагчид Хятад, Япон болон Энэтхэг улсыг дараагийн тэмцээнүүдэд оролцуулахаар хэлэлцээ хийж байгаа аж. Түүнчлэн гүйцэтгэх продюсер Ассаф Блехерийн The Guardian сонинд өгсөн ярилцлагаас үзвэл, ирэх жилийн тэмцээнд Хонконг, Тайвань зэрэг 16-17 улс орон, бүс нутаг оролцох хүсэлтээ илэрхийлээд байна.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл



