Zogii.mn урьд нь Тээврийн сайд Шон Даффи Зүүн эргийн цагаар оройн 20:15 цагт АНУ-ын агаарын орон зайг дахин нээснийг мэдэгдсэн тухай АНУ нислэгийн хоригоо цуцалсан гэж мэдээлж байсан билээ. Гэвч энэ амралтын өдрүүдээр байдал төдийлөн сайжирсангүй.
АНУ-ын агаарын тээврийн салбарт үүссэн саатал гурав дахь өдрөө дараалан үргэлжилж, Ням гарагт гэхэд 10,000 гаруй нислэгт нөлөөллөө. Нислэгийн хяналтын FlightAware сайтын мэдээллээр Ням гарагт улсын хэмжээнд 2,300 гаруй нислэг цуцлагдаж, 7,700 орчим нислэг хойшилсон бол Бямба гарагт 6,400 гаруй нислэг цуцлагдаж, 8,000 гаруй нислэг саатсан байна.
Тээврийн сайд Шон Даффи ABC сувгийн "This Week" хөтөлбөрт оролцохдоо энэ хэрэгт кибер халдлага эсвэл санаатай хорлон сүйтгэх ажиллагаа явагдсан гэх нотолгоо байхгүй ч чухам юунаас болж гэмтэл гарсан нь одоогоор тодорхойгүй хэвээр байгааг хэллээ. Тэрээр нислэгүүд Даваа гараг гэхэд бүрэн хэвийн горимд шилжинэ хэмээн таамаглаж байгаагаа дурдаад, Холбооны нисэхийн захиргаа (FAA) зорчигчдын аюулгүй байдлыг хангахад гол анхаарлаа хандуулж буйг онцлов. Ням гарагт JetBlue компанийн нислэгийн 28 хувь, American Airlines-ийн нислэгийн 17 хувь нь цуцлагдсан бол United, Southwest, Delta компаниудын нислэгийн 3-5 хувь нь цуцлагдсан байна.
ХУУЧИРСАН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БА СААТЛЫН ШАЛТГААН
Баасан гарагт Холбооны нисэхийн захиргаанаас орон даяар таван цаг орчим хугацаанд бүх хөөрөлтийг зогсоосон нь 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойших хамгийн урт хугацааны хориг болсон юм.
Албаныхны тайлбарласнаар, гүйцэтгэгч L3Harris компани Арканзас мужийн Эль-Дорадо дахь байгууламжид шинэ чиглүүлэгч төхөөрөмж (роутер) суурилуулсны дараа Техасын Амарилло дахь роутерт доголдол үүсэж, улмаар улс даяарх нислэгийн удирдлагын төвүүдийн сүлжээг хэт их мэдээллээр дарж гацаасан байна. Одоогоор эдгээр болон систем дэх ижил төрлийн 60 орчим төхөөрөмжийн ажиллагааг түр зогсоогоод байгаа аж. Гэмтэл гарсан уг роутерүүдийг 2001 онд худалдан авсан бөгөөд 2006 он гэхэд хэдийнээ хуучирч хоцрогдсон байсныг сайд Шон Даффи тэмдэглэжээ.
САНХҮҮЖИЛТ ТОЙРСОН УЛС ТӨРИЙН МАРГААН
Энэхүү үйл явдал нь технологийн хоцрогдол, боловсон хүчний дутагдалд ороод буй АНУ-ын агаарын хөдөлгөөний удирдлагын системийн эмзэг байдлыг ил болголоо. Үүнтэй холбогдуулан Тээврийн сайд Даффи системийг бүрэн шинэчлэхэд зориулж 50 тэрбум ам.доллар гаргахыг Конгрессоос шаардаад байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп Ням гарагт энэ асуудлаар анх удаа байр сууриа илэрхийлж, "Бид шинэчлэлийн ажлыг хэдийнээ эхлүүлсэн ч үүнийг бага багаар бус нэг дор хийж дуусгах ёстой. Конгресс үүнийг батлах шаардлагатай" хэмээн сошиал хуудсандаа бичжээ.
Харин Төлөөлөгчдийн танхимын Тээвэр, дэд бүтцийн хорооны Ардчилсан намын гишүүд Рик Ларсен, Андре Карсон нар үүнд эргэлзэж буйгаа илэрхийлэв. Тэд 2025 онд системийг шинэчлэхэд зориулж баталсан 12.5 тэрбум ам.долларын 11 тэрбум нь одоо болтол зарцуулагдаагүй байгааг сануулаад, яагаад дахин нэмж мөнгө шаардаж байгаагаа тайлбарлахыг шаардсан байна. Тээврийн сайд Даффи хариуд нь өнгөрсөн онд баталсан мөнгө зөвхөн тодорхой зардлуудад хуваарилагдсан бөгөөд агаарын орон зайг удирдах шинэ программ хангамж авахад тусгагдаагүй гэж тайлбарлажээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад



