Хятадын нисэх онгоцны технологийн “Air White Whale” компанийн зохион бүтээсэн дэлхийн хамгийн том нисгэгчгүй ачааны онгоц W5000 Бямба гарагт Өвөр Монголын Өөртөө Засах Орны Отогийн өмнөд хошууны Олжог нисэх буудалд техникийн баталгаажуулалтын нислэгээ амжилттай гүйцэтгэлээ.
Тус онгоц нь таван тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай, 2,600 километрийн алслалттай бөгөөд ачааны хэсэг нь 65 шоо метрээс дээш багтаамжтай аж. Нийт 220 мянган эд ангийг нь 100 хувь Хятадын дотоодын үйлдвэрүүдэд бүтээсэн бөгөөд их биеийнх нь 65 хувийг карбон-файбер нийлмэл материалаар хийжээ.
“Air White Whale” компанийн гүйцэтгэх захирал Ху Жэньдун хэлэхдээ, хөнгөн атлаа бат бөх нийлмэл материал ашигласан нь онгоцны өөрийн жинг бууруулж, илүү их ачаа тээвэрлэх боломжийг олгосон гэдгийг онцолсон байна. Онгоцны ерөнхий загвар, нислэгийн удирдлага, хөдөлгүүр зэрэг гол системүүдийг дотооддоо бие даан хөгжүүлжээ.
Бямба гарагийн өглөө W5000 онгоц хөөрөх зурвасаар 600 орчим метр хурд авч хөөрөөд, 2,000 метрийн өндөрт гарч 30 минутын турш нислэг үйлдсэн байна. Энэ хугацаанд бие даасан нислэг болон газрын удирдлагын төвтэй өгөгдөл солилцох гол туршилтуудыг амжилттай давж, зөөлөн газарджээ.

Тээврийн зардлыг 60 гаруй хувиар бууруулна
“Автомат нислэг ба газрын хяналт” гэсэн хосолсон горимоор ажиллах уг онгоцыг бүс нутаг хоорондын ачаа тээвэр, хөргүүртэй тээвэр болон онцгой байдлын тусламжийн хангамжид ашиглахаар төлөвлөжээ.
Нисгэгчийн баг болон бүхээгийн тоног төхөөрөмж шаардлагагүй, мөн хөнгөн жинтэй тул түлшний зарцуулалт бага байх нь ачаа тээврийн зардлыг уламжлалт онгоцтой харьцуулахад 60 гаруй хувиар бууруулах давуу талтай аж. Одоогийн байдлаар тус компани дотоодын логистикийн компаниудаас 835 ширхэг онгоц захиалах урьдчилсан санал хүлээн аваад байгаа бөгөөд 2027 оны эцэс гэхэд арилжааны нислэгт нэвтрүүлэхээр зорьж байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



