Хятадын Коммунист намын эрх баригчид Шанхай хотын Намын хорооны дарга Чэнь Жининийг намын сахилга батыг зөрчсөн хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн тухай тус улсын авлигатай тэмцэх байгууллага мягмар гарагт мэдэгдлээ.
Улс төрийн товчооны гишүүн тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний олон жил үргэлжлүүлж буй, эрч нь огт сулрахгүй байгаа авлигын эсрэг аянд өртсөн сүүлийн өндөр албан тушаалтан боллоо. Чэнь Жининийг Сахилга батыг хянан шалгах төв комисс шалгаж байгаа аж.
Тус комиссын товч мэдэгдэлд дэлгэрэнгүй мэдээлэл дурдаагүй байна. Харин Шанхай хотын захиргаанаас гаргасан мэдэгдэлд ХКН-ын Шанхай хотын хорооны Байнгын хороо Чэнь Жининийг шалгах шийдвэрийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Энэхүү шийдвэр нь авлигын эсрэг тэмцэл зогсолтгүй, ухралтгүйгээр үргэлжилж, ялалтад хүрэх бат бөх шийдвэртэй байгааг харуулсан тодорхой бөгөөд хүчтэй дохио боллоо гэж уг мэдэгдэлд дурдсан байна.
Намын сахилга батыг чангатгахад онцгой анхаарч буй Ши Жиньпиний удирдлага дор явагдаж буй өргөн хүрээтэй цэвэрлэгээний дараа энэхүү шалгалт эхэлж байна.
Хятадын удирдагч арав гаруй жилийн турш авлигын эсрэг кампанит ажил өрнүүлж, Мао Зэдуны засаглалаас хойш үзэгдээгүй өргөн хүрээтэй цэвэрлэгээг хийж байгаа юм. "Энэхүү баривчилгаа нь Ши Жиньпиний авлигын эсрэг тэмцэлд хязгаар гэж үгүйг дахин харууллаа. Тэрбээр унаж буй Улс төрийн товчооны дөрөв дэх гишүүн бөгөөд энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд огцруулж буй одоо ажиллаж буй дөрөв дэх гишүүн боллоо. Энэ бол урьд өмнө байгаагүй үзэгдэл" хэмээн Евразиа группийн ахлах шинжээч Минда Цю цахим шуудангаар өгсөн мэдэгдэлдээ онцолжээ.
Улс төрийн товчоонд хийж буй сүүлийн үеийн цэвэрлэгээ нь Хятадын улс төр нөхцөл байдлын өөрчлөлтөөс хэр их хамаардгийг, тэр ч байтугай Ши Жиньпиний үнэлдэг байсан чанаруудыг эзэмшсэн албан тушаалтнууд хүртэл огцрох эрсдэлтэй байдгийг харуулж байна гэж Вашингтон дахь Америкийн их сургуулийн профессор Жозеф Торигиан хэлсэн байна. Тэрбээр "Цаасан дээр бол тэд Ши Жиньпиний таашаах хүмүүс мэт харагддаг ч дараа нь яагаад тэднээс салсан талаар бид хялбархан таамаг дэвшүүлж чадна" гэжээ.
Улс төрийн товчооноос цэвэрлэгдсэн бусад гишүүдийн тоонд зэвсэгт хүчнийг удирддаг Цэргийн төв зөвлөлийн ахлах гишүүд болох генерал Жан Юся, Хэ Вэйдун нар болон мужийн намын хорооны дарга Ма Синруй нар багтаж байна.
Шанхай хотын Намын хорооны даргын албан тушаалыг уламжлал ёсоор Хятадын дээд удирдлагад хүрэх гишгүүр гэж үздэг. Тус улсын экс Ерөнхийлөгч Зян Зэминь, одоогийн Ерөнхий сайд Ли Цян болон Ши Жиньпин өөрөө ч өмнө нь энэ албыг хашиж байжээ.
Чэнь Жинин 2022 оноос хойш Шанхай хотын Намын хорооны даргаар ажилласан бөгөөд өмнө нь Бээжин хотын захиргаанд удирдах албан тушаал хашиж, Байгаль орчныг хамгаалах яамыг тэргүүлж байсан юм.
ТАТАР МАЙДАР







Гадаад



