Dark Light
Нийгэм | 2026-11-25

НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙН ЭКОЛОГИЙН ХОХИРОЛ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР 3.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын үнэлгээний тайланг танилцууллаа. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Түүний мэдээлснээр, наймдугаар сарын 16-нд унтарсан уг түймрийн хохирлыг тогтоох 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, экологийн цагдаа болон шүүх шинжилгээний байгууллагын шинжээчид нисдэг тэрэг ашиглан хүн хүрэх боломжгүй газруудад хүртэл хэмжилт, үнэлгээ хийжээ. Хуулийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 14-ний дотор эцэслэн гаргасан дүгнэлтээр байгаль орчинд урьдчилсан байдлаар 3.3 их наяд төгрөгийн (өнөөгийн ханшаар ойролцоогоор 930–956 сая ам.доллар) экологи, эдийн засгийн хохирол учирсан гэж тогтоон, тайланг Экологийн цагдаагийн албанд хүргүүлсэн байна.

Сайд Ц.Сандаг-Очир энэ тоо нь зөвхөн байгаль орчинд учирсан шууд хохирол бөгөөд цаашид уг бүс нутгийг нөхөн сэргээх урт болон дунд хугацааны хөтөлбөрийн санхүүжилт үүнд ороогүй гэдгийг онцоллоо. Түүнчлэн шүүх шинжилгээний байгууллагаас томилогдсон мэргэжлийн шинжээчид уг үнэлгээг дахин нягталж эцсийн дүнг гаргах тул хохирлын хэмжээ цаашид өөрчлөгдөж болзошгүй аж. Улмаар хариуцах эзэн холбогдогч нь шүүхээр эцэслэн тогтоогдсоны дараа хохирлыг нөхөн төлүүлэх асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдэх юм байна.

Японы тал хохирлыг барагдуулах, нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлжээ

Уг түймэртэй холбоотойгоор Японы талаас анхнаасаа хариуцлагатай хандаж байгааг сайд дурдлаа. Тодруулбал, “Мобиком” компанийн удирдлага харамсаж буйгаа илэрхийлсэн бол Япон Улсын Ерөнхий сайд манай улсын Ерөнхий сайдтай утсаар ярьж, мөн Японы Засгийн газар болон тус улсаас Монголд суугаа Элчин сайдтай хийсэн уулзалтуудын үеэр хохирлыг арилгах, нөхөн сэргээх арга хэмжээнд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Зэрлэг ан амьтад ба цаашид авах арга хэмжээ

Түймрийн дараах зэрлэг ан амьтдын нөхцөл байдлын талаарх сэтгүүлчдийн асуултад сайд Ц.Сандаг-Очир арваннэгдүгээр сарын 17-нд дроноор авсан дүрс бичлэгийг үзүүлэн, түймэрт өртөөгүй үлдсэн хэсгүүдэд буга, согоо зэрэг том туруутан амьтад хэвийн бэлчиж байгааг танилцуулав. Харин жижиг мэрэгч амьтад хэрхэн өртсөн, хэр зэрэг үрэгдсэнийг нарийвчлан судалж байгаа бол нүүдлийн шувууд намрын улирал таарсан тул хил даван нүүдэллэсэн байх магадлал өндөр гэж үзэж байна.

Цаашид ийм хэмжээний хохирол дахин амсахгүйн тулд Нөмрөгийн дархан цаазат газарт гал түймрийн томоохон зурвас татах, нарны зайгаар ажилладаг 360 градус эргэдэг хяналтын камерууд болон мониторингийн төвүүдийг байгуулах, мөн хил дамнасан нөхөн сэргээлтийн чиглэлээр Хятадын талтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгааг тэрбээр мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08