Монгол Улс ирэх жилийн сүүлээр АНУ-ын аюулгүй байдлын шалгалтад тэнцсэний дараа буюу 2028 онд тус улс руу шууд нислэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар bne IntelliNews бичжээ.
Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан Вашингтон хотноо АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн (USTDA) Энэтхэг-Номхон далайн бүс хариуцсан захирал Веринда Файктай уулзах үеэрээ энэхүү хуваарийг танилцуулсан байна. Монгол Улс 2027 оны дөрөвдүгээр улиралд АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газрын (FAA) техникийн үнэлгээнд хамрагдаж, бэлтгэл ажил бүрэн хангагдсаны дараа 2028 онд шууд нислэгээ эхлүүлэх зорилт тавьж буйг тэрбээр онцолжээ. Сайд мөн АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар болон Тээврийн аюулгүй байдлын удирдах газрын албаны хүмүүстэй уулзсан байна.
Хоёр орны хооронд шууд нислэг үйлдэх талаар өмнө нь ч амлаж байсан боловч хугацаа нь удаа дараа хойшилж ирсэн юм. Хоёр улс 2023 онд "Нээлттэй тэнгэр"-ийн хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа албаныхан 2024 оны хоёрдугаар улирлаас нислэг эхлүүлэх талаар ярьж байв. Гол саад болж буй зүйл нь тухайн улсын агаарын тээвэрлэгчид АНУ руу шинэ нислэг эхлүүлэхийн өмнө заавал авсан байх ёстой Холбооны нисэхийн удирдах газрын 1 дүгээр зэрэглэлийн (Category 1) үнэлгээ юм. АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард уг үнэлгээг авахад нь зориулж Монголын Иргэний нисэхийн ерөнхий газарт техникийн туслалцаа үзүүлэх санхүүжилтийг баталсан бөгөөд одоогоор манай улсын аюулгүй байдлын хяналтын тогтолцоог үнэлэх, дүрэм журамд зөвлөмж боловсруулах, байцаагчдыг сургах ажлыг хийж байгааг Файк хэлжээ.
Шууд нислэгтэй болтол хоёр орны хооронд зорчигчид дамжин суух шаардлагатай хэвээр байна. АНУ-ын "United Airlines" компани 2025 оны тавдугаар сард Гуам дахь баазаасаа "Boeing 737 Max 8" онгоцоор Токиогийн Нарита нисэх буудлаас Улаанбаатар чиглэлд улирлын чанартай нислэг эхлүүлснээр Монгол руу хуваарьт нислэг үйлдсэн Америкийн анхны агаарын тээвэрлэгч болсон юм. АНУ-аас ирэх зорчигчид Токиод дамжин суудаг бөгөөд тус компани энэ жил мөн Наритагаас цааш Азийн чиглэлд нислэг үйлдэх хотуудынхаа тоонд Улаанбаатарыг дахин багтаажээ.
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани АНУ-ын анхны чиглэлээр Сан-Франциско хотыг нэрлэсэн бөгөөд тийшээ нисэхийн тулд "Boeing 787" онгоц нэмж авах шаардлагатайг мэдэгдээд байгаа юм. Улаанбаатараас Сан-Франциско хүрэх хамгийн дөт зам нь ойролцоогоор 9,400 км байдаг бол Токиогоор дамжин нисэхэд 11,300 км орчим болдог байна.
Шууд нислэгтэй болсноор бага сууринаас хурдацтай өсөж буй аялал жуулчлалын салбарт томоохон дэмжлэг болно. Монголын Аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр манай улс аравдугаар сарын эхэн гэхэд жилийн гадаад жуулчдын дээд амжилтаа эвдсэн ч аравдугаар сарын 6-ны байдлаар бүртгэгдсэн 856,636 жуулчны ердөө 18,781 нь л АНУ-аас иржээ.
Шууд нислэг эхэлснээр худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал нэмэгдэж, хоёр орны ард түмэн, бизнес эрхлэгчид улам ойртох болно гэж сайд Б.Дэлгэрсайхан тэмдэглэжээ.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



