Хятадын Коммунист Намын (ХКН) Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин намын болон төрийн өндөр албан тушаалтнууд ар араасаа суудлаасаа мултарч буй энэ үед намын дотоод дүрэм журмыг боловсронгуй болгож, намыг бүхэлд нь хатуу чанд удирдан зохион байгуулах шаардлагатайг дахин онцлон тэмдэглэлээ.
Түүний энэхүү мэдэгдэл нь Ши Жиньпиний залгамжлагч байж магадгүй хэмээн яригдаж байсан Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Жинин арваннэгдүгээр сарын 24-нд авлигын хэргээр огцорсныг тойруугаар сануулсан хатуу анхааруулга болсон бололтой.
Төрийн мэдлийн “Синьхуа” агентлагийн 11 дүгээр сарын 25-ны мэдээлснээр, Ши Жиньпин өмнөх өдөр нь Бээжин хотноо эхэлсэн намын дотоод дүрэм журмын асуудлаарх хоёр өдрийн үндэсний зөвлөгөөнд илгээсэн зааварчилгаандаа ийнхүү дурджээ.
Ши Жиньпин “Өнгөрсөн таван жилийн хугацаанд Намын Төв Хороо дүрэм журамд суурилсан намын засаглалыг ерөнхий болон стратегийн үүднээс төлөвлөж, урагшлуулсан. Намын дотоод дүрэм журмын тогтолцоог хөгжүүлэхэд тогтвортой ахиц дэвшил гарч, мэдэгдэхүйц үр дүнд хүрлээ” гэжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Шинэ аянд бид намыг удирдах үндсэн арга барил болгон дүрэм журамд суурилсан засаглалыг баримталж, намын удирдлага, намын байгуулалтыг бэхжүүлэх ёстой. Мөн өндөр чанартай намын дотоод дүрэм, институцийг хөгжүүлэхийн тулд дутагдлыг арилгаж, сул талуудыг засах шаардлагатай” хэмээн мэдэгдсэн байна.
Түүнчлэн Ши Жиньпин институцүүдийн системчилсэн уялдаа холбоо, дүрэм журмын талаарх сургалт хүмүүжил, тэдгээрийн хэрэгжилт болон намын дотоод дүрэм журмыг төрийн хууль тогтоомжтой уялдуулах асуудалд илүү их анхаарал хандуулахыг уриалав. Мөн намыг бүхэлд нь хатуу чанд удирдах хүчин чармайлтыг тогтвортой үргэлжлүүлэх институцийн дэмжлэгийг бэхжүүлж, нам нь Хятадын онцлогтой социализмын үйл хэргийн хүчирхэг удирдах цөм хэвээр байхыг баталгаажуулах шаардлагатайг онцолжээ.
Ши Жиньпиний энэхүү мэдэгдэл ирэх намар болох таван жил тутмын ХКН-ын 21 дүгээр их хурлаас нэг жил орчмын өмнө дараагийн удирдлагад нэр дэвшигчдээр тооцогдож байсан өндөр албан тушаалтнууд ар араасаа унаж буй үед олон нийтэд ил болж байна. Ийм нөхцөл байдалд Ши Жиньпин болон намын удирдлага намын дотор болон гадна талд сануулга болгох үүднээс энэ байдалд анхаарлыг санаатайгаар хандуулахыг зорьсон байж магадгүй юм.
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, намын дотоод дүрэм журмын зөвлөгөөнийг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Цай Ци даргалан явуулжээ. Цай Ци нь нам, төрийн шатлалд тавдугаарт бичигддэг бөгөөд үнэн хэрэгтээ Ши Жиньпиний тамгын газрын даргын үүргийг гүйцэтгэдэг юм.
Цай Ци зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Бид намын дотоод дүрэм журмын ажлыг илүү үр дүнтэй болгохын тулд гол тэргүүлэх чиглэлүүдэд анхаарлаа хандуулах ёстой. Намын Төв Хорооны томоохон шийдвэрүүдийг хэрэгжүүлэх механизмыг сайжруулж, намын нэгдсэн удирдлагын тогтолцоог тууштай баримтлан төгөлдөржүүлэх шаардлагатай” гэв.
Тэрбээр “Улс төрийн амжилт гэж юу болох талаар зөв ойлголттойгоор намын дотоод дүрэм журмын ажилд хандаж, институцийн дүрэм журмыг оновчтой, практик ач холбогдолтойгоор боловсруулах ёстой. Бид намын дотоод дүрэм журмын заавал биелүүлэх хүчийг бодитойгоор бэхжүүлж, хэрэгжилтийн хариуцлагын тогтолцоог чанд мөрдүүлэх хэрэгтэй” хэмээн нэмж хэлсэн байна. Түүний энэ үг хүлээлтэд хүрэхгүй байгаа нам, төрийн өндөр албан тушаалтнуудад тавих сахилга батын хяналт шалгалт цаашид ч үргэлжлэхийг тодотгож байгаа бололтой.
ТАТАР МАЙДАР






Гадаад



