Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг 10 жилийн дараа БНСУ-д хийж буй анхны албан ёсны айлчлалынхаа хүрээнд Даваа гарагт Сөүл хотноо болсон хүндэтгэлийн хүлээн авалт дээр үг хэлэхдээ, өнгөрсөн долдугаар сард хоёр орны Ерөнхийлөгчдийн тунхагласан Монгол-Солонгосын харилцааны “Алтан эрин”-ийг бодит үр дүнд хүргэхийг уриаллаа.
Сөүл хотын төв дүүрэгт байрлах “The Ambassador Seoul – Pullman” зочид буудалд “Монгол бахархлын өдөр” болон сайдын БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалд зориулан зохион байгуулсан хүлээн авалтын үеэр Б.Батцэцэг “Миний энэхүү албан ёсны айлчлал нь Ерөнхийлөгчдийн маань хүрсэн ойлголцлыг бодит хамтын ажиллагаа болгон хувиргах ажлыг урагшлуулах үнэ цэнтэй боломжийг олгож байна” хэмээн мэдэгдэв.
Эргэн сануулахад, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён долдугаар сард Улаанбаатарт төрийн айлчлал хийх үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хамтарсан тунхаглал баталж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (CEPA) байгуулах зарчмын тохиролцоонд хүрэн, 2030 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан юм.
Сайд Б.Батцэцэг “Энэхүү хүчин чармайлтын цөм нь Монгол Улсын байгалийн баялаг, хөгжлийн нөөц бололцоог БНСУ-ын технологийн ноу-хау, мэдлэг, хөрөнгө оруулалт, туршлагатай хослуулах гайхалтай боломж юм” хэмээн онцоллоо.
Тэрбээр мөн өдрийн өглөө БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чо Хёнтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр тал Консулын конвенцод гарын үсэг зурсан бөгөөд уг конвенцын дагуу аль нэг улсын иргэн нөгөө улсын нутаг дэвсгэрт баривчлагдсан буюу саатуулагдсан тохиолдолд тухайн улс нь нөгөө талдаа заавал мэдэгдэж, консулын ажилтнууд хүсэлт гаргавал уулзалт зохион байгуулах үүрэг хүлээхээр болсон юм.
ТАТАР МАЙДАР






Улс төр



