ОХУ-ын Санкт-Петербург хотын шүүх 19 настай Дарья Козыревад хоёр жил найман сарын хорих ял оноолоо. Түүнийг Орос-Украины дайныг эсэргүүцсэн утга агуулгатай үйлдэл хийсэн хэмээн буруутгасан байна. Тодруулбал, тэрээр Украины уран зохиолын эцэг гэгддэг 19-р зууны нэрт зохиолч, яруу найрагч Тарас Шевченкогийн шүлгийн хэсгийг Санкт-Петербургийн цэцэрлэгт хүрээлэн дэх ханан дээр бичсэн бөгөөд мөн Sever.Realii радиод ярилцлага өгсөн байна.
Эдгээр үйлдлийг шүүх "Оросын армийн нэр хүндийг гутаан доромжилсон" гэж үзэн ийнхүү хорих ял оноожээ. Шүүхийн шийдвэрийн дараа Дарья Козырева:
"Надад ямар ч гэм буруу байхгүй. Яагаад гэвэл үнэн хэзээ ч гэм буруутай байдаггүй" хэмээн мэдэгджээ.
Дарья Козырева өмнө нь ч төрийн эсрэг байр суурь илэрхийлж байсан. 2022 оны арванхоёрдугаар сард, 17 настай байхдаа тэрээр “Алуурчид, та нар бөмбөгдсөн” гэсэн үгийг Санкт-Петербургийн Эрмитажийн музейн гаднах хөшөөн дээр хар будгаар бичиж байжээ. Мөн 2024 оны эхээр тэрээр олон нийтийн сүлжээнд Украины талаар байр суурь илэрхийлсэн пост нийтэлсний улмаас 30,000 рубль (ойролцоогоор 370 ам.доллар)-ийн торгууль төлж улмаар Санкт-Петербургийн Улсын Их Сургуулийн Анагаах ухааны факультетаас хасагджээ.
Нөгөөтээгүүр, сүүлийн үед Орос улсад үүнтэй ижил төрлийн олон тохиолдол бүртгэгдэж байна. Тухайлбал, Wall Street Journal сонины сурвалжлагч өнгөрсөн жил цэргийн нууцад нэвтрэхийг оролдсон гэх үндэслэлээр баривчлагдаж, тагнуул хийсэн хэрэгт буруутгагдан, 20 жил хүртэл хоригдох ялаар шийтгүүлэх нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Эх сурвалж
| ALJAZEERA
|