Монгол Улс Агаарын цэргийнхээ байлдааны чадавхыг өргөжүүлэн шинэчлэхийн тулд Чехийн L 410 NG болон L-39 Skyfox нисэх онгоцуудыг худалдан авахаар судалж байна. Прага хотноо зохион байгуулагдсан Future Forces Forum үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Батлан хамгаалах яам болон Чехийн Omnipol группийн төлөөлөгчид нэг ширхэг L 410 NG тээврийн нисэх онгоц худалдан авах төлөвлөгөөг тусгасан харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Баримт бичигт зааснаар Монголын тал энэхүү худалдан авалтыг 2026 оны сүүлчийн улирлын төсөвт тусгахаар тохиролцсон байна.
Түүнчлэн уг санамж бичгийн хүрээнд Omnipol групп нь Монгол Улсын иргэний болон цэргийн нисэх буудлуудын дэд бүтцийг шинэчлэх ажилд оролцохоор болжээ. Хэдийгээр энэхүү баримт бичиг нь эцсийн хууль ёсны гэрээ биш ч талуудын тохиролцоог бодит ажил болгоход чиглэсэн чухал алхам болж байна.
L 410 NG
Хоёр хөдөлгүүрт, сэнст L 410 NG нисэх онгоцыг Omnipol группийн гишүүн болох Чехийн Aircraft Industries компани зохион бүтээж, үйлдвэрлэдэг байна. Энэхүү онгоц нь зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалттай бөгөөд богино хэмжээний болон хатуу хучилтгүй шороон зурвас дээр хөөрч, буух бүрэн чадвартай юм. Монгол Улс өмнө нь L 410 гэр бүлийн нисэх онгоцуудыг ашиглаж байгаагүй бөгөөд хөнгөн нисэхийн салбарт голчлон Хятадын Harbin Y-12 онгоцонд түшиглэж иржээ.

Чехийн Aircraft Industries компанийн L 410 NG
Монголын цэргийн төлөөлөгчид Aero Vodochody компанийн хөгжүүлсэн Чехийн L-39 Skyfox сургалт дайралтын тийрэлтэт онгоцыг онцгойлон сонирхсон байна. Монгол Улсын Агаарын цэргийн төлөөлөгчид Прага дахь үзэсгэлэнгийн үеэр цуврал зөвлөлдөх уулзалт хийсэн боловч боломжит захиалгын хэмжээ, хугацаа болон өртгийн талаарх мэдээллийг хараахан ил болгоогүй байна. Монголын зэвсэгт хүчин өмнө нь Чехословакийн тийрэлтэт онгоцыг ашиглаж байсан туршлагатай бөгөөд сургалтын үндсэн L-39 Albatros онгоцыг хэрэглэж байжээ.
Одоогийн байдлаар манай улсын байлдааны тийрэлтэт нисэхийн гол цөмийг ОХУ-аас 2019-2021 оны хооронд цэргийн тусламжаар хүлээн авсан хоёр суудалтай зургаан ширхэг MiG-29UB сөнөөгч онгоц бүрдүүлж байгаа юм. Шинээр Skyfox онгоц худалдан авснаар Монгол Улс ашиглалт, үйлчилгээний өртөг өндөртэй MiG-29UB онгоцонд их хэмжээний түлш зарцуулахгүйгээр нисгэгч бэлтгэх хөтөлбөрөө өргөжүүлэх боломж бүрдэнэ. Үүнээс гадна эдгээр онгоцыг хөнгөн цохилт өгөх болон эргүүлийн үүрэгт ашиглах боломжтой.

L-39 Skyfox
Үйлдвэрлэгч Aero Vodochody компани нь L-39 Skyfox онгоцыг дронтой тэмцэх Drone Hunter тусгай хувилбараар санал болгож байгаа юм. Энэхүү хувилбар нь Thales FZ275 эсвэл BAE Systems APKWS брэндийн 70 мм-ийн удирдамжит пуужингууд болон Австралийн SiNAB Technologies компанийн Phoenix оптик-электрон төхөөрөмжийг ашигладаг байна. Түүнчлэн Phoenix тагнуул, бай заагч төхөөрөмжийг L-410 NG тээврийн онгоцонд ч суурилуулахаар нутагшуулаад байгаа ажээ. Өмнө нь Omnipol групп SiNAB Technologies компанийн 25 хувийн хувьцааг худалдан авч, Төв Европ болон Азийн бүс нутагт бүтээгдэхүүнийг нь төлөөлөн борлуулах эрхийг авсан байнна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



