Dark Light
Эдийн засаг | 2026-11-24

YONHAP: СӨҮЛ УЛААНБААТАРТАЙ ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРТ ТҮНШЛЭЛЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Yonhap

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг болон БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чо Хён нар Даваа гарагт Сөүл хотноо уулзаж, хоёр орны чухал ашигт малтмал, худалдаа, технологи болон бусад гол салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэнийг БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ хэмээн БНСУ-ын Yonhap дамжууллаа.

Өнгөрсөн долдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Улаанбаатар хотноо төрийн айлчлал хийсний дараа хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж буй бөгөөд энэ удаагийн айлчлалаар Б.Батцэцэг сүүлийн 10 жилд Сөүл хотноо айлчилсан Монголын анхны Гадаад харилцааны сайд болж байна.

Уулзалтаар хэлэлцсэн гол асуудлууд

  • Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр: Сайд Чо Хён хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх институцийн суурь болох Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг (CEPA) байгуулах хамтарсан хүчин чармайлтыг эрчимжүүлэхийг уриалсан байна.

  • Чухал ашигт малтмал ба газрын ховор металл: БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн (ODA) төслийн хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотноо нээгдсэн Газрын ховор металлын хамтын ажиллагааны төвийг түшиглэн чухал ашигт малтмалын нэмүү өртгийн сүлжээг бүхэлд нь хамарсан хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг тэрээр тэмдэглэжээ.

  • Хөрөнгө оруулагчдын орчин ба хот байгуулалт: Чо Хён Монголд үйл ажиллагаа явуулж буй Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчдэд хүндрэл бэрхшээлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд Монголын Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүсээд, Монголын хот байгуулалтын салбарт ахиц гаргахын төлөө хамтран ажиллахыг уриалсан байна.

  • Хиймэл оюун ухаан ба уур амьсгалын өөрчлөлт: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-тай хиймэл оюун ухаан (AI), уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Мөн уулзалтын үеэр сайд Чо Хён Солонгосын хойгт энх тайван тогтоох Сөүлийн бодлогыг танилцуулж, Монголын талын дэмжлэгийг хүссэн бол сайд Б.Батцэцэг БНСУ-ын энэхүү бодлоготой хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08