Дархан-Уул аймгийн Орхон суманд баригдах стратегийн томоохон бүтээн байгуулалт болох Гангийн цогцолбор төслийн эцсийн шатанд БНХАУ-ын хүнд үйлдвэрийн томоохон төлөөлөгч “Beijing Jianlong Heavy Industry Group” шалгарсан тухай мэдээлэл гарлаа.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас уг төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлэх урилгыг олон улсын 60 гаруй компанид хүргүүлсэн байна. Сонгон шалгаруулалтын явцад БНХАУ-ын “Beijing Jianlong Heavy Industry Group” болон Өвөр Монголын Бугат хотод төвтэй “Baotou Iron and Steel Group” (Баоганг) гэсэн Хятадын хоёр компани л эцсийн хураангуй жагсаалтад тунаж үлдсэн бөгөөд улмаар “Jianlong” групп ийнхүү тэргүүлсэн аж.
806 сая ам.долларын санхүүжилтээр дөрвөн жилд босох мега төсөл
Нийт 806 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дөрвөн жилийн
хугацаанд баригдаж ашиглалтад орохоор төлөвлөгдсөн уг цогцолбор нь зөвхөн ган хайлуулах үйлдвэрээр хязгаарлагдахгүй, дотоодын дэд бүтэц, эрчим хүчний хэрэгцээг бие даан хангах иж бүрэн цогцолбор байх юм. Тодруулбал, төслийн хүрээнд:
-
Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр;
-
Гангийн үйлдвэр;
-
Цахилгаан станц;
-
Цементийн үйлдвэрийг тус тус цогцоор нь барьж байгуулахаар тусгажээ.
Бээжин хотод төвтэй “Beijing Jianlong Heavy Industry Group” нь БНХАУ-ын хувийн хэвшлийн хамгийн том ган үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд төмрийн хүдрийн олборлолт, баяжуулалт, ган хайлуулах чиглэлээр дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг корпорац юм. Энэхүү мега төсөл хэрэгжсэнээр Монгол Улс барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын ган бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бүрэн халж, гадагш урсах валютын урсгалыг хэмнэх түүхэн ач холбогдолтой билээ.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг


