Dark Light
Нийгэм | 2020-11-04

Н.Ариунтунгалаг: "Хувиа хичээсэн сонсогдож магадгүй. Миний хувьд өөртөө хайртай байх дадал зуршил намайг бүтээсэн"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Н. О Сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаарын зочин Монгол HD телевизийн нэвтрүүлэгч Ариунтунгалаг. Тун удахгүй амаржиж, бяцхан үрээ өлгийдөх гэж байгаа энэ үед нь амжиж подкастынхаа зочноор урилаа. Жирэмсэн үеэ маш аз жаргалтай, амар амгалан туулж байгаа нууцаасаа хамгийн эхлээд хуваалцвал?

Н.А Миний ээж их хөнгөн жирэмсэлдэг. Тэгээд төрснийхөө дараа ч гэсэн хурдан тэнхэрч, хэвэндээ ордог. Би азаар ээжийгээ дуурайсан юм болов уу. Нөгөөтэйгүүр зүгээр суудаггүй, ажил амжуулаад явахаар сэтгэл сэргэг, жирэмсэндээ түүртэхгүй амар байдаг.

Давхар биетэй байгаа энэ хэсэгхэн хугацаа бол эмэгтэй хүний амьдралын хамгийн сайхан үе шүү дээ, ганцаараа биш хоёулаа. Тиймээс энэ үеэ нандигнаж, аз жаргалтайгаар өнгөрүүлэхийг хүсдэг. Өглөө сэрэхдээ л сайхан зүйл харж, сайхныг сонсч, сайн хүмүүстэй уулзах гэж тэмүүлж сэрдэг.

Н. О Миний ажигласнаар Ариунаагийн аз жаргалын жоронд аялал, ном хоёр ямагт ордог байх.

Н. А  Тэгэлгүй яахав. Миний хамгийн дотны найз, хаа ч явсан цуг. Замын түгжрэл дунд ч номоо уншина. Намайг бага байхад аав минь орой болгон ном уншдаг байсан. Түүнийг хараад л, үлгэрлээд л, ном унших дадалтай болсон. Би түүхийн ном, намтарчилсан ном, хуучны сонгодог зохиолуудад дуртай. Харин хэрхэн баяжих вэ, хөөрхөн болох вэ, амжилтанд хүрэх вэ гэх мэт ном бол миний сонголтонд байдаггүй.

Н. О Төрөлтөндөө хэрхэн бэлдэж байна, мөн хүүхдээ ямар арга барилаар өсгөх вэ?

Н. А Том охиноо өсгөсөн арга барил маань ер нь буруудаагүй. Үр дүн нь их сайн байгаа. Би маш их хайран дунд өссөн. Яг түүн шиг охиноо хайраар дүүргэж, эрх дураар нь өсгөдөг.

Гэхдээ нөгөө талаараа маш бие даасан хүн болгож төлөвшүүлсэн. Ээж минь хааяа намайг хүүхдээ өөртөө тааруулаад өсгөчихсөн гэдэг. Нээрээ л. охин минь хаана ч биеэ аваад явчихдаг, асуудлаа зохицуулчихдаг, ер нь л завгүй надад яг таарсан арга барилаар хүмүүжүүлсэн дээ.

Н.О Өдрийг үр бүтээлтэй өнгөрөөдөг дадал юу вэ?

Н. А Би багаасаа л зүгээр суух дургүй хүүхэд байсан. Маш сониуч, аливааг таньж мэдэх дуртай. Хоногийн 24 цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, сурч мэдэж болох юу байна бүхнийг сурахыг хичээдэг.

Эмэгтэй хүний хувьд албан ажил, ар гэрийн ажил гээд хийх зүйл их байдаг. Би гэрийн эзэгтэй, эхнэр хоёрын үүргийг салгаж ойлгодог. Гэрээ сайхан цэвэрлэж, амттай хоол хийдэг байлаа гээд энэ бол сайн гэрийн эзэгтэй болохоос сайн эхнэр биш. Эхнэр хүн нөхөртэйгээ ярилцдаг, дэмждэг, чиглүүлдэг, санаа бодлыг нь сонсдог байх ёстой.

Заримдаа гэр орон замбараагүй байж болно ш дээ. Тэрийг заавал орой очоод хийх гэж адгах биш харин энэ цагаараа нөхөртэйгээ сайхан ярилцдаг, биеэ сайхан авч явдаг эмэгтэй байхыг хичээдэг. Ер нь ч өөрийгөө гэрийн ажлаар уях дургүй. Богино хугацаанд түүртэлгүй хийчихдэг.

Н. О Амжилтанд хүргэсэн, өнөөдрийн Ариунааг бүтээсэн зөв дадал юу байв?

Н. А Хувиа хичээсэн сонсогдож магадгүй. Миний хувьд өөртөө хайртай байх дадал зуршил маань намайг бүтээсэн. Чамайг хайрладаг хүмүүс байсан ч, яг чам шиг чамайг хэн ч хайрлахгүй. Миний мөрөөдөл, зорилго, юунд дуртайг минь би өөрөө л хамгийн сайн мэднэ. Түүндээ хүрэхийн тулд би өөрийгөө хайрладаг, бас анхаарал тавьдаг. Өөрийгөө хайрладаг эмэгтэй хүнийг хайрлахгүй эр хүн, дэмжихгүй хамт олон гэж байхгүй.

Нөхөртэйгээ анх танилцахдаа ямар байсан, юунд дуртай байсан, ямар дүр төрх, ямар хандлага чинь тэр хүнд таалагддаг байсан тэр чигээрээ бай, түүнийгээ бүү алд. Анх байсан түвшнээсээ бууж болохгүй, харин ахиж байх хэрэгтэй гэж боддог.

Н. О Өөрийгөө яаж хайрладаг вэ, цаг хугацаагаа юунд зориулдаг вэ?

Н. А Гоо сайхан орох, хумсаа янзлуулахыг би өөрийгөө хайрлаж байна гэж боддоггүй. Миний зарчим бол өөрийгөө амар тайван байлгах, дуртай зүйлээ хийх, дуртай газар луугаа явахыг өөрийгөө хайрлаж байна гэж боддог.

Өөрийгөө эхлээд сонсоод үзээрэй. Би юунд дуртай вэ, яавал аз жаргалтай болдог вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ хийгээд байхаар эргэн тойрны минь хүмүүс ч ямар үед намайг аз жаргалтай байдгийг мэддэг, дэмждэг болдог. 

Н. О Бид адилхан Олон улсын харилцааны сургуульд сурч байсан. Энэ мэргэжлээрээ юу хийж байна вэ?

Н. А Миний бага насны мөрөөдөл бол хамгийн анхны эмэгтэй элчин сайд болох байлаа. Тйимээс энэ мэргэжлийг сонгон суралцсан.

Н. О Утга учиртай, баялаг амьдрал гэж юу вэ?

Н. А Өөрийнхөөрөө амьдарч байгаа нь л амьдралыг минь баялаг болгодог. Энэ нь дураараа гэхээсээ илүүтэй амьдралынхаа мөн чанар, агуулгад өөрөө багтаж, оршиж байгаа нь амьдралыг минь утга учиртай болгодог.

Би айлын 3 дахь хүүхэд хэрнээ, яг бага хүүхэд шиг дураараа зантай. Гэхдээ хүмүүжилтэй, дураараа байсан учир энэ зан минь намайг буруу зүйлд хөтөлж байгаагүй.

Би бүх шийдээ өөрөө гаргадаг байсан. Аав ээж минь гаргасан шийдвэр болгоныг ойлгодог, дэмждэг байсанд нь маш их баярладаг.

Өөрийнхөө гаргасан шийдвэр, хийсэн сонголтоор амьдарч байгаа нь миний амьдралыг өнгөлдөг.

Н. О Энэ ярилцлагадаа ажлын талаар дурдахгүй өнгөрч болохгүй байх. Мэдээний нэвтрүүлэгч гэдэг нэр төртэй, бахдам сайхан ажил. Нэвтрүүлэгч болохыг хүссэн хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

Н. А Нэвтрүүлэгч болсон минь маш зоригтой алхам байсан. Би төгсөж ирээд, бүх телевизийг судаллаа. Ямар телевиз намайг илүү хөгжүүлэх вэ гэж. Тэгээд Монгол HD телевиз байгуулагдаад 2 жил болж байхад нь шууд л очсон доо. Ямар ч ажилд авна гэсэн зар тухайн үед байгаагүй. Би шууд мэдээний албаны даргатай уулзаад л, ажилд орох сонирхолтой байгаагаа хэлсэн. Мэдээж намайг их гайхсан. Гэхдээ миний зоригийг үнэлсэн болов уу. 14 хоног дадлагажаад, яг хүссэн ажилдаа буюу мэдээний нэвтрүүлэгчийн ажилдаа орсон.

Тиймээс хэрэв үнэхээр хөтлөгч, нэвтрүүлэгч хийх дуртай бол, надад чадвар нь байна гэж үзвэл зориглоод үзээрэй гэж зөвлөнө. Гэхдээ хөтлөгчийн ажлыг чамлаж болохгүй. Хөөрхөн хүн хийдэг ажил биш, бусдыг сонсох, ярилцах, асуух чадвартай, тал бүрийн мэдлэгтэй байх шаардлагатай.

Н. О Заа маш их баярлалаа


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22