Dark Light
Нийгэм | 2020-11-10

Ч.Чимэдийг Увс аймгийн Засаг даргаар томилохоос татгалзжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Увс аймгийн Засаг даргаар Ч.Чимэдийг томилохоос татгалзсан хариу илгээсэн байна.

Өнгөрсөн сарын 26-28-ны хооронд хуралдсан аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаар АН-аас сонгогдсон Ч.Чимэдийг томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлээд байсан юм. Энэхүү бичгийн албан ёсны хариу энэ сарын 9-нд аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдод иржээ. Уг бичигт “Увс аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаас аймгийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн Ч.Чимэдийг томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх” гэжээ. Энэхүү албан бичгийг энэ сарын 5-ны өдөр гаргасан байна.

Саяхан болсон орон нутгийн сонгуулиар Увс аймгийн ИТХ-ын 41 суудлын 19-г АН, 17-г МАН, 5-ыг бие даагчид авсан бөгөөд аймгийн хурал зөвшилцөлд хүрч чадахгүй гурван хоног сунжирсны эцэст бие даагчид АН-тай хамтран засаг байгуулахаар болсон юм. Улмаар аймгийн ИТХ-ын даргаар бие даагч Ц.Батболдыг сонгож, Засаг даргаар Ч.Чимэдийг томилуулахаар Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн.

Одоогоор Увс аймгийн 19 сумын шинээр бүрэлдсэн ИТХ-ын төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа хийж, ИТХ-ын даргаа сонгоод байна. Мөн сумдын шинэ Засаг дарга нар ч тодроод байгаа бөгөөд тэднийг аймгийн шинэ Засаг дарга батламжлах тул хүлээлтийн байдалтай байна.  

 

Ч.Чимэдийн тухайд...

 

Аймгийн Засаг даргаар өргөн мэдүүлээд байгаа Ч.Чимэд нь аймгийн ИТХ-д 5 удаагаа сонгогдоод байгаа нь энэ юм. Өмнө нь аймгийн ИТХ-д 16 жил ажиллахдаа 12 жилд нь тэргүүлэгчээр ажиллаж, Увс аймгийн хөгжлийн бодлогыг боловсруулж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байжээ. Мөн 2012-2016 онд аймгийн ИТХ-ын даргын хариуцлагатай албыг хашиж, Увс аймгийн өнгө төрхийг өөрчилж, иргэдийнхээ амьдрах орчин, амьжиргааны түвшинг дээшлүүлэх бодлогыг боловсруулсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22