Дархан-Уул аймгийн онцгой комисс өнөөдөр /2020.11.20/ хуралдлаа.
Тус аймагт коронавирусний халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 4-54 насны ихэвчлэн ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ажлаа хийж байхдаа халдвар авсан нь тогтоогджээ. Гэвч анхны тохиолдол хаанаас халдвар нь тодорхойгүй байна.
Халдвар авсан 16 тохиолдлын ойрын хавьтал 529 хүнийг илрүүлсэн. Мөн ойрын хавьтлын дам хавьтал болох 608 иргэнийг илрүүлэн шинжилгээнд хамруулсан байна.
Өнөөдрийн 22.00 цагийн байдлаар тус аймгийн 15555 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, 798 иргэнээс PCR шинжилгээ авсан байна.
11-р сарын 6-нд төмөр замын байгууллагын тэмцээн болжээ. Эндээс иргэд халдвар авсан байна.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал : Аймгийн хэмжээнд 72 цагийн хугацаанд зарласан тэг зогсолт 2020 оны 11-р сарын 21-ний 06.00 цагаас эхлэн цуцалж, улс орон даяар 12-р сарын 1-нийг хүртэл зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Тэг зогсолтын хугацаанд аймгийн хэмжээнд халдварыг илрүүлэх, цар хүрээг тогтоох ажлыг хийж гүйцэтгэсэн гэж аймгийн онцгой комисс үзсэн учир тэг зогсолтыг цуцлах шийдвэр гаргалаа.
Шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Тэг зогсолтыг цуцалсан ч эмийн сан, түлшийг хүргэлтийн үйлчилгээгээр явуулна. Эм авах иргэд эмийн сан руу утсаар ярьж захиалга өгнө. Маргааш 12.00 цагаас эхлэн дөрвөн том хүнсний худалдааны төв, 150 хүнсний дэлгүүр ажиллана. Дэлгүүрийн дотор болон гадна 2-3 хянагч ажиллуулна, дэлгүүрүүд 11.00-18.00 цагт ажиллана гэж мэдээллээ.
"Тэг зогсолт"-ын дэглэмийг цуцалсантай холбоотой аймгийн хэмжээнд ямар дүрэм журам үйлчлэх талаар Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос маргааш 11.00 цагт иргэддээ мэдээлэл хийхээр боллоо.
АДМИН








Нийгэм





