Бид энэ удаагийн тусгай сурвалжлагаараа “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяатай сар шинийн баярын талаар ярилцлаа.
Өдрийн мэнд хүргэе, тарган сайхан өвөлжиж байна уу. Ирж буй усан бар жилийн өнгө төрх ямар байна вэ?
- Тарган сайхан өвөлжиж байна уу. 17-р жарны сайжруулагч хэмээх усан бар жил их сайхан жил гарч байна. Залуу хүмүүст амар амгалан жил гарч буй. Томоохон зүйлсэд зорьвол бүтэх нигууртай., үйлс нь дэлгэрэх шинжтэй. Нялхсуудад дунд зэргийн, өвгөд настан буурлуудад ширүүн жил гарч байна. Иймд өндөр настангууд биеэ энхрийлүүштэй, насыг бататгах зан үйлд шамдууштай.
Усан бар жилд хүмүүн жаргаж, алт мөнгө элбэг гэх ерөнхий уриалгатай байгаа. Хүмүүн жаргахын тухайд дэлхий нийтэд тархсан цар тахал хумигдаж, намжих төлөвтэй. Хувьтай хүн бар жилийг үзнэ гэх үг эртнээс уламжлагдсан байдаг. Бар жилд хүн бүр буянд шамдаж, бие хий сэтгэлийн ариун, хөдөлмөрт шамдваас сайхан жил болно.
Битүүний өдрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
- Монголчууд цагаан сарын баярт маш их ач холбогдол өгч бэлэг дэмбэрэлийг дээдэлдэг ард түмэн. Сар шинийн өмнөх өдөр буюу битүүний өдөр айл бүр гэр орноо цэвэрлэдэг уламжлалтай. Жилийн эхний өдөр цэвэр цэмцгэр байх аваас бүтэн жилдээ ижил байна гэсэн үг. Номын утгаас авч үзвэл битүүний өдөр бол Балдан лам бурхан дэлхийгээр хонгор халзан луустай эргэж, айл өрхийн буян нүгэлийг дэнсэлдэг гэх хууч яриа байдаг.
Сар шинийн баярын ширээний гол идээ, шүүсийг залуу хосууд заавал засах ёстой юу?
- Залуу хүмүүс заавал бүтэн хонины шүүс тавих, таваар идээ өрөх албагүй. Тухайн удамд маш өндөр буяныг зооголсон 90, 100 настай өндөр настангууд идээгээ есөөр өрж, бүтэн хонины шүүс тавих ёстой.
Төрийн ёсонд мэдээж есөөр идээгээ өрж, мөн ижил бүтэн хонины шүүс тавьдаг. Эгэл айлууд идээгээ таваар өрж, ууцаа тавьж болно. Харин 30-аас доош насны идэр залуу хүмсүүд дал дөрвөн өндрөө чанаж, тавгийн идээгээ гурваар засаж болно. Энэ нь ёс гүйцээж байгаа гэсэн үг юм.
Ул боовны дээр еэвэн тавих нь зөв үү?
- Ул боов нь Монголын буян хишигээр бүрдсэн боов байдаг. Еэвэн бол урдаас гаралтай эд. Манжийн дарлалын үед Монголын буян хишгийг нухчин дарж байгаа гэх агуулгаар ул боовны дээр том еэвэн тавьдаг уламжлал гарч байв. Иймд үүнийг одоо болих нь зохистой. Үүний оронд цагаан идээгээр дүүргэх хэрэгтэй.
Шинийн нэгний өдрийн хамгийн чухал зан үйл бол мөр гаргах ёсон. Үүний талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
- Шинэ он тооллын эхний өдөр буюу шинийн нэгний өдөр олон зан үйлийг хийдэг болжээ. Өглөөний нарыг харах, ууланд гарч хийморио сэргээх гэх мэт. Энэ нь нэг утгаараа бэлгэдлийн зан үйл юм.
Зүг мөрөө гаргах зан үйлийг заавал хийх хэрэгтэй. Гараа сайн бол бариа сайн. Эх нь булингартвал адаг булингартай гэдэг үг бий. Жилийн эхний өдөртөө зүг чиг мөрөө зөв гаргавал тэр жилдээ амар амгалан байх, аз жаргалтай байх бэлгэдлийг өөртөө дуудаж байгаа гэсэн үг юм. Хүн бүрт муу дөрөв, сайн дөрвөн зүг бий.
Бид олон жилийн өмнөөс нүүдэлчин ахуйгаас суурин ахуй руу шилжсэн. Хөдөө орон нутгийн иргэдийн хувьд зүг чиг мөрөө зөв гаргах нь амар. Харин орон сууцад амьдарч буй иргэдийн хувьд зүг чигээ хэрхэн зөв гаргах вэ?
- Малчин иргэд зүг мөрөө зөв зохистой гаргах нь маш хялбар. Харин орон сууцад амьдардаг буюу суурин соёлд шилжсэн иргэдийн хувьд учир бэрхшээлтэй. Эхний ээлжинд монгол дээл хувцас, малгайгаа өмсөөд орцноосоо гарч нэг цэгийг авч зогсоно. Тэр цэгээ төв цэг хэмээн тогтоож түүнээсээ цог хийморийн зүг рүү гараад буян хишигийн зүг рүүгээ орж ирнэ.
Золгох ёсны талаар ярилцъя. Ахмад настангуудтай золгохдоо мөнгө өгөх нь уламжлал болсон та үүнийг юу гэж хардаг вэ?
Монголчууд мөнгөөр золгодоггүй байсан. Номын багшдаа таван өнгийн хадаг барьж золгодог байв. Харин настан буурлуудад нас буяныг нь дэлгээрүүлэхийн тухайд цагаан өнгийн хадагтай золгоно. Хадгийн дээр заавал мөнгө тавих албагүй. Яахав энэ цагт хүссэн зүйлээ авч болох хэрэглэгдэхүүн юм. Мөн эх орны мөнгөн тэмдэгт гэх бэлэгдлээр өгч болох юм. Хүн хүний сэтгэлийн тааллаар шийдэх асуудал буй за.
Жил орох гэдэг нь ямар утга агуулгатай вэ?
Энэ оны тухайд Бар жилтэй хүн бүр засал номоо заавал хийлгэх ёстой. Жил орох гэдэг нь тухайн хүний жил ургаж байна гэсэн үг. Мөн хүн бүр ямар суудал дээр сууж буйгаа мэдэж, суудлын цээр гаргах буюу ямар үйлийг дээдэлж, ямар үйлийг хийж болохгүй гэдгээ цаг тооллын бичгийг ашиглан мэдэх боломжтой байдаг.
Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн зүгээс юуг анхаарах ёстой гэж хардаг вэ? Мөн юунд шүүмжлэлтэй байдаг вэ?
Шинийн нэгнээс шинийн 15 хүртэл хүн бүр дор бүрнээ хараал, муу үг хэлэхгүй байж, буянаа хураах хэрэгтэй. Сар шинийн баяр гэдэг бол арван цагаан буяныг дэлгэрүүлэх номын баяр. Сүүлийн жилүүдэд том том ууц тавьж, бие биетэйгээ өрсөлдөж, олон давхар идээ өрснөөрөө, өмссөн зүүснээрээ өрсөлдөж баярхан туйлширч байгаад харамсаж байна. Энэ бол ёсыг гуйвуулж байгаа хэрэг. Хүн бүр өөрсдийн боломжоороо шүүсээ тавихад болно шүү дээ. Дээрээс нь шүүмжлэлтэй ханддаг зүйлийн нэг бол бэлэг сэлтийн асуудал байна. Заавал үнэтэй бэлэг өгөх эсхүл тухайн хүндээ хэрэг болохгүй, хэрэгцээгүй хятад барааг шахах хэрэггүй. Хүний алгыг цайлгах гарыг нь дээш нь харуулах, мялаах, гар цайлгах гэсэн д үг байсан. Энэ нь цагаан идээ байв. Одоо бол бэлэг сэлтээрээ нэгнийхээ дээр гарах гэж хичээх, бэл бэнчингээрээ өрсөлдөж байна. Угтаа зөвийг буруу болгож байна гэсэн үг.
Таны хувьд жил бүр цагаан сарын баярын үеэр лекц уншдаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас хамаарч лекцээ цахимаар уншсан. Энэ жил лекцээ унших уу?
- Цар тахлын амаргүй нөхцөл байдлаас хамаарч шашин номын болоод урлаг уран сайхны үйл ажиллагаа хоёр жилийн турш зогссон. Энэ жил өвчин намжиж, тавирч байгаагаас хамаарч нийтийн буяныг дэлгэрүүлэх тухайд, засал номыг хийлгэх тухайд шинийн 6-ны өдөр буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр “Ад донгийн хорлолыг буцаахуй” нэртэй, маш сонирхолтой лекцийг тавиахаар боллоо.
Ярилцсанд баярлалаа
- Танай хамт олонд ч бас баярлалаа. Амжилт хүсэе.
АДМИН








Нийгэм







