Dark Light
Нийгэм | 2022-02-10

Н.Баасан: Ёс зүйн төлөвшил нэн тэргүүнд тавигдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЗХЖШ-ын ахлагчаар томилогдсон тэргүүн ахлагч Н.БААСАНТАЙ энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынх нь талаар ярилцлаа.

Шинэ албанд томилогдсонд тань баяр хүргэе. Ажлаа аваад ямар зорилго, зорилт тавин ажиллаж байна вэ?

Эрхэм хүндтэй албанд томилогдоод удаагүй байна. “Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2021” хэрэгжээд саяхан дууслаа. Хөтөлбөрийн үр дүн, тайланг ЗХЖШ-ын ХШҮГ-аар дүгнүүлэх ажил явагдаж байгаагаас гадна Ахлагчийн албыг 2022-2024 оныг дуустал хөгжүүлэх хөтөлбөрийг төлөвлөн, ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхээр хүргүүлж, сайдаар батлуулахаар ажиллаж байна.  

Тус хөтөлбөрийн онцлог юу вэ?

Бид гурван зорилтын хүрээнд 61 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд уг хөтөлбөр нь Зэвсэгт хүчний ахлагчийн албаны эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх, ахлагчийн бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, гэр бүл, нийгмийн хамгааллыг дэмжих зэрэг тодорхой арга хэмжээг тусгасан. 

Ахлагч нарын сургалтыг сайжруулах талд ямар ажил төлөвлөж байгаа вэ?

Ахлагчийн албаны сургалтуудыг шинэлэг болгох талд анхаарч байгаа. Бид даргалах албан тушаалын ахлагч нарын сургалтын стандартыг 2021 онд дахин шинэчлээд Зэвсэгт хүчний “Цэргийн стандартчиллын техникийн хороо”-гоор хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна. Удахгүй хэлэлцэгдэнэ. Ахлагч хүн бол байнга суралцаж, ахин дэвшиж байх ёстой. Тиймээс бүлгийн дарга, тасгийн захирагч, салааны ахлагч, ротын ахлагч, нэгтгэл, ангийн ахлагчийн дамжаануудын сургалтын агуулгыг шинэчилсэн. 

Өнөөдөр аль ч газар, албан байгууллага тухайн хүнээс албандаа хандах хандлага, ёс зүйн төлөвшлийг нэн тэргүүнд шаарддаг болсон. Тухайн цэргийн алба хаагчийн тактикийн болоод цэргийн хэргийн мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт сайн байлаа гээд ёс зүйн доголдол, төлөвшилгүй байвал Зэвсэгт хүчний нэр хүнд олон нийтэд муугаар нөлөөлнө. Иймд ёс зүйтэй, төлөвшсөн ахлагч байх ёстой.

Мөн төрөл мэргэжлийн ахлагч нарыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн хугацаат цэргийн алба хаагч нарт энгийн мэргэжил эзэмшүүлэхэд анхаарч Техник технологийн политехникийн коллежтой хамтран Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдад барилгын өргөн мэргэжил эзэмшүүлж байна. Энэ нь цэргийн алба хаах үедээ мэргэжил эзэмшиж, цаашлаад эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна. 

Түүнчлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж, тусгай сургалт явуулах эрхийн гэрчилгээг гарган авснаар техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалт зохион байгуулагдах эрх зүйн орчин бүрдэж байна. Техникийн болон нарийн мэргэжлийн ахлагч нарыг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтыг жолооч, автын цахилгаанчин, засварчин зэрэг төрөл бүрийн мэргэжил багтаж байгаа. Өөрөөр хэлбэл, ҮБХИС-ийн Батлан хамгаалахын МСҮТ-өөр бэлтгэгддэггүй мэргэжлээр техникийн бага мэргэжилтэн бэлтгэхээр зорьсон. Яг үнэндээ анги, салбаруудад жолоочийн орон тооны нөхөн хангалт тааруу байна. Залуус ажлын ачаалал гэхээсээ илүү албан тушаалын зэрэглэл, цалин мөнгөнөөс нь болж жолоочийн ажлыг сонирхохгүй байна. Иймд техникийн мэргэжлийн ахлагч нарыг бэлтгэх нь чухал. 

Ахлагчийн албыг сурталчлах талд юу хийх вэ? 

Энэ жил Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ой тохиож байна. Мэдээж Монгол цэргүүд олон улсад байгуулсан нэр хүндийг олж авахад үе үеийн энхийг сахиулагч нарын байгуулсан гавьяа үнэлэшгүй их. Үүний хүрээнд энхийг сахиулагч ахлагч нараараа бахархах, тэднийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулагдана. Ахлагчийн албаны тэмдэглэлт өдрийг бий болгож, тухай өдөр ахлагчийн албыг сурталчлах олон талт арга хэмжээ болон нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аян зохион байгуулна.

Мөн Зэвсэгт хүчний хэмжээнд тэргүүний ахлагч нарын “Чуулга уулзалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Ахлагчийн нөхөн хангалтын талаар юу хэлэх вэ?

Өнөөдрийн байдлаар нөхөн хангалт тийм ч хангалттай бус байна. Ялангуяа төрөл мэргэжлийн ахлагч нарын нөхөн хангалт дутагдалтай. Тиймээс ҮБХИС-ийн МСҮТ-өөр бэлтгэгдэх ахлагч нарын тоог нэмэгдүүлэхээр зорьж байна. Үүнийг дагаад тус МСҮТ-ийн үйл ажиллагаа явуулах боломж, орон тоо, бүтэц, зохион байгуулалтын асуудал давхар гарч байна. Өөрөөр хэлбэл, суралцах хүмүүсийн тоо ихсэх тусам сургагч багш нарын тоо, танхимын хүрэлцээ нэмэгдэх шаардлагатай болно.  

Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвөөр дамжуулан ахлагч нарыг бэлтгэдэг сургалт хэвээр үргэлжлэх үү? 

МАБТ-ийн сургалт явуулахад шаардлагатай тусгай гэрчилгээ сунгагдаад бэлэн болсон. Бидний хувьд хүмүүсээ бэлтгээд гаргах бололцоо байна. Гол нь төсвийн хүндрэлтэй холбоотой асуудлууд нөлөөлж байгааг хэлэх нь зүйтэй. 

Одоогоор гадаадын ямар сургуулиудад суралцах боломжтой байна вэ?

ОХУ, АНУ, Хятад, Канад, Турк, зэрэг улс руу хэлний бэлтгэл болон удирдлагын шаталсан сургалтуудад хамруулж байна. АНУ-д армийн ахлагчийн удирдлагын шаталсан сургалт байгаа бол Хятад улс руу голчлон техникийн мэргэжлийн ахлагч нарыг бэлтгэх сургалт давамгайлж байна. Тус сургалтуудад суралцахад ахлагч нарын хэлний бэлтгэл нэн чухал. Сүүлийн үед шинэ залуу ахлагч нарын гадаад хэлний мэдлэг харьцангуй сайжирч байгаа нь анзаарагдсан. Өөрийн орны цэргийн хэргийн мэдлэг, ур чадвар, гадаад хэлний мэдлэгийг сайжруулж, тухайн улсаас тавьсан хэлний шалгалтад тэнцэж чадах юм бол хилийн чанадад суралцах боломж бүх ахлагч нарт бүрэн байгаа гэдгийг ахлагч нартаа онцлон хэлье. Бид ч мөн цаашдаа ахлагч нарын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. 

Нийгмийн хамгааллын талаар явуулах ажлын талаар дурдвал ...

Тэтгэвэрт гарах гэж байгаа ахлагч нарт энгийн мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарахаас нь өмнө суралцах хугацааны чөлөөг нь олгоно гэсэн үг. Политехникийн коллежуудад төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцана. Суралцах хугацаа нь 1-2,5 жил. Ингэхдээ тухайн ахлагчийн ажилласан туршлага, өмнө нь сурч байсан кредит цагийг харгалзан суралцах хугацааг нь уян хатан байхаар төлөвлөсөн. Барилгын өргөн мэргэжлүүд, хүнд машин, механизмын оператор, талбайн даамал, гүүр хоолойн техникч зэрэг төрөл бүрийн мэргэжлүүд үүнд багтана.

Гэр бүлийн харилцааны асуудал ихээхэн чухал асуудал байна. Иймд нэгтгэл, ангиудад ахлагчийн гэр бүлийн холбоо байгуулахаар төлөвлөж байна. Цэргийн алба хаагчид маань хилийн чанад руу урт хугацаанд үүрэг гүйцэтгэдэг. Энэ үед ахлагч нарын гэр бүлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа гэж ойлгож болно. Түүнчлэн гэр бүлийнх нь гишүүдийг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, амралт сувиллын газар хөнгөлөлттэй үнээр амраах, залуу ахлагч нарт гэр бүл төлөвлөлт, эдийн засгийн мэдлэг олгох сургалтууд явуулна. 

Таны талаар мэдэхгүй уншигчид байж мэдэх юм. Та өөрийгөө товч танилцуулна уу? 

Би 1977 онд Төв аймгийн Батсүмбэр суманд мэндэлсэн. 1996-1997 онд БХИС-ийн Ахлагчийн сургуулийг олон сувгийн радио релейний аппаратын машины механик мэргэжлээр төгсөөд тэр жилдээ элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийг байгуулагдаж байхад шалгалт өгч, анхны 17 ахлагчийн нэг нь болж байлаа. Түүнээс хойш Зэвсэгт хүчний 150 дугаар ангид 2013 он хүртэл алба хаасан. Тэр хугацаанд буудагч, телеграфчин, тасгийн захирагч, салааны ахлагч, батальоны ахлагч зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2013-2019 онд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд бригадын ахлагчаар томилогдсон. Дараа нь Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн ахлагчаар томилогдоод удалгүй Тусгай хүчний цэргийн командлалд тусгай хүчний цэргийн ахлагчаар томилогдсон. 2021 оны 12 дугаар сард ЗХЖШ-ын ахлагчаар томилогдсон. 

Таныг монгол цэрэг хилийн чанадад үүрэг гүйцэтгэхэд анхны шанг таталцсан хүмүүсийн нэг гэдгийг мэдэх юм байна ... 

Зэвсэгт хүчний 150 дугаар ангиараа би их бахархаж явдаг. Тус ангид байхдаа би Зэвсэгт хүчний нэр хүндийг олон улсын тавцанд мандуулах анхны үйл ажиллагаануудад оролцож байсан. 1999 онд АНУ-тай хамтарсан тусгай хүчний “Balance magic” сургууль, 2000 онд Казахстанд болсон “Центр Азибат-2000” зэрэг Монгол Улс анх удаа олон улсын хамтарсан энхийг сахиулах чиглэлийн цэргийн хээрийн сургуульд оролцож байсан. Мөн 2003 онд Иракийн эрх чөлөө ажиллагааны нэгдүгээр ээлжинд пулемётчиноор үүрэг гүйцэтгэж байсан. Дараа нь 2006 онд Сьерра Леон улсад явагдсан “UNMIL” ажиллагааны нэгдүгээр ээлжинд тасгийн захирагчаар, 2006-2007 онд Косово дахь НАТО”-гийн тэргүүлсэн “КФОР” ажиллагаанд тасгийн захирагчаар, 2015-2016 онд “UNMISS” ажиллагааны Монгол Улсын цэргийн багийн V мотобуудлагын батальонд батальоны ахлагчаар тус тус үүрэг гүйцэтгэсэн. 

Олон жил ахлагчийн албыг хашиж яваа хүний хувьд Зэвсэгт хүчний ахлагч ямар байгаасай гэж хүсдэг вэ?

Цэргийн дарга гэхээсээ илүү захирагдагсад болон хамтран үүрэг гүйцэтгэж байгаа нөхдөдөө журмын нөхрийн ёсоор хандах нь зүйтэй гэж боддог. Цэргийн жинхэнэ алба хаагчийн хувьд цэргийн дарга хүн шиг үүрэг даалгавар өгдөг, үүрэг даалгаврын биелэлтийг шаарддаг, шалгадаг байх хэрэгтэй. Цэргийн жинхэнэ алба хаагч нь алба хаах хугацаандаа өссөн орчин, хүмүүжил гээд олон зүйлээрээ өөр хоорондоо ялгаатай хүмүүстэй ажиллана. Зарим нэгийг нь зандрахад улам гялалзаад байхад зарим нь улам өөртөө итгэлгүй болоод байх жишээтэй. Тиймээс хүн бүрийн онцлогт тааруулж, тэднийг мэдэрч ажиллах нь чухал. 

 Энэ  асуултыг  танд  үлдээе ...

Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн өөрсдийн цэргийн хэргийн мэдлэг, ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт, эрүүл мэнддээ анхаарч, албандаа хандах хандлага,  ёс зүй, төлөвшил, сахилга хариуцлагаа сайжруулж орчин үетэйгээ хөл нийлүүлж алхах шаардлагатай. Түүнчлэн Зэвсэгт хүчин гадаад хамтын ажиллагааны хүрээнд дэлхийд тэргүүлэгч том армитай улс орнуудтай хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа тул нийт ахлагч нар гадаад хэлний мэдлэгээ сайжруулснаар гадаадын улс орны цэргийн сургуульд суралцах бүрэн боломжтой.  

“Соёмбо” сонин сэтгүүлч  Ахмад М.МӨНХЗОРИГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10