Dark Light
Нийгэм | 2022-02-16

"Онцлогоо тусгасан амьд төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Батлан хамгаалах салбарын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, заавар, журам, тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг бүх шатанд хэрэгжүүлснээр гэмт хэрэг, осол зөрчил гарахгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Батлан хамгаалахын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөл”-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдан гарлаа. Бид энэ талаар тус зөвлөлийн нарийн бичгийн дарга, БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зэвсэгт хүчний бэлэн байдал, зэвсэглэл цэргийн техникийн ашиглалт, хадгалалт хамгаалалтын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн хурандаа Н.Пүрэвдоржтой уулзаж тодрууллаа.

Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан зөвлөлийнхөө энэ онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаанаас онцлон дурдана уу?

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг Хууль зүй дотоод хэргийн сайд ахалдаг бөгөөд бид уг зөвлөлийн ажлын албатай хамтран ажиллаж, батлан хамгаалах салбарын онцлогт тохирсон үйл ажиллагааны жишиг төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлууллаа. Энэ жилээс бид нийслэл, дүүрэг аймаг, орон нутгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажлын байран дахь стресс түүнээс урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, мөн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр онцлон анхаарч ажиллана. Мөн цахим орчинд зөв соёлтой хэрэглээг хэвшүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ анги, байгууллагын салбар зөвлөлүүдээ бүтээлч, идэвхтэй, үр дүнтэй ажиллаж, мэдээ мэдээлэл, тайлангаа цахимаар илгээж хэвшихийг уриалж байгаа. Манай салбарынхны хувьд цэргийн алба хаагчид маань анги, байгууллагын хашаанд ёс зүй, дэг журмыг сахивч нийгмийн амьдрал, олон нийтийн газар биеэ зөв авч явж чаддаггүй, мөн цэргийн анги, байгууллагад үйлчилж буй дүрэм журам, захирах захирагдах ёсыг дарамт гэж ойлгодог, ажлын байранд үүссэн уур бухимдал, стрессийг тайлалгүй гэр орондоо очиж, үр хүүхэд, гэр бүлдээ бухимдлаа гаргадаг зэрэг зөрчил, алдаа дутагдал анзаарагддаг. Энэ бүхнийг засаж залруулах, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлага, ёс зүйг дээдлэхэд бидний үйл ажиллагаа чиглэгдэнэ. 

Энхийг сахиулагчдад зориулсан сэтгэл засал болон бусад үйлчилгээний талаар тусгайлан үүрэг чиглэл өгсөн талаар тодруулна уу?

Батлан хамгаалахын дэд сайдаас ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, удирдах газар, харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудын салбар зөвлөлийн дарга нарт үүрэг чиглэл өгөхдөө энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн алба хаагчдад зориулсан сэтгэл засал, гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх, урлаг соёл, спортын арга хэмжээнд хамруулж, ажиллагааны дараах бие бялдрын болон сэтгэл зүйн нөхөн сэргээлтийн ажлыг тусгайлан төлөвлөж хэрэгжүүлэх талаар онцлон үүрэг өгсөн. Монгол Улс цэргийн алба хаагчдаа энхийг сахиулах ажиллагаанд олон тоогоор оролцуулдаг ч үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн алба хаагчийг нөхөн сэргээх байдлаар эмчилж, цөөн хоногоор амралтад амрааж байгаа ч сэтгэл засал, сэтгэл зүйн нөхөн хангалтыг хийж чаддаггүй. Цар тахлын үеийн хорио цээр, дэглэм, урлаг соёлын үйлчилгээ, нийтийг хамарсан спортын уралдаан тэмцээнийг хязгаарласан нь хүн стрессээ тайлах, уур бухимдлаа дарахад сөргөөр нөлөөлж байгаагаас алба хаагч гэмт хэрэгт холбогдох, зөрчил гаргах нь түгээмэл байгаа учир үүнд анхаарч ажиллах шаардлагатай байна. 

Цахим нөлөөлөл гэж нэг асуудал яригдаад байгаа ...

Нийгмийн амьдралд сошиал орчин, цахим хэрэглээ өргөн хүрээнд буй энэ цаг үед хүн, бүлэг хоорондын харилцаа цахимаар их өрнөж, мэдээ мэдээлэл асар хурдацтай тарж байна. Анги байгууллага, хэлтэс тасаг, хувь хүмүүсийн нэгдэл, бүлэглэл бүхэн групп чатаар мэдээлэл солилцож байгаа нөхцөлийг ашиглан нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлж болно. Их эзэн Чингис хааны “Сэтгэлийг нь захирваас бие нь хаа одох вэ” гэсэн аугаа үг байдаг шиг хүний сэтгэлд хүрч, нөлөөлж чадах боломж өнөөдөр бидэнд маш их байна. Удирдлагаас ирсэн тушаал шийдвэрийг унших, албан бичгийг дамжуулах, гарын үсэг зуруулах зэрэг хэвшмэл үйл ажиллагаанаас гадна залуусын харилцаа хандлага, орчин цагийн цахим ертөнцийн эрин үетэйгээ хөл нийлүүлж, тэдэнд тохирсон, сэтгэл зүйд нь нөлөөлөх аргаар гэмт хэрэг, осол зөрчлөөс хамгаалж, дэг журам сахиулж, сайжруулах боломжийг ашиглах хэрэгтэй. 

Мөн манай анги, байгууллагын удирдлага өөрийгөө болоод оюунаа хөгжүүлэх шаардлагатай байна. Бие бүрэлдэхүүнийхээ хүсэл зориг, сэтгэл зүй, харилцаа хандлагыг ойлгож мэдрэх, хамтдаа хөгжих, суралцах зэрэг бүтээлч хандлага дутагдаж байна. Гэтэл бид шаардлагатай үед бие бүрэлдэхүүнээ дохиогоор цуглуулдаг, зэвсэг техникийн бэлэн байдлыг шалгадаг, тусгайлсан үүрэг  гүйцэтгэдэг Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид шүү дээ. 

Цэргийн алба хаагчид бусдаас илүү үүрэг хариуцлагатай, дэг журамтай байх ёстой гэлцдэг. Харамсалтай нь, энэ нь бодит байдал дээр заримдаа хангалтгүй санагддагаа нуух юун. Энэ талаар таны бодлыг сонсъё ...

Энэ чиглэлээр ажил алба хариуцаад явж буй ахлах мэргэжилтний хувьд хэлэхэд хувь хүний гэр бүлийн хүмүүжил, мэдлэг боловсрол, суурь зан харилцаа, шат шатны сургалт, дамжаанд хамрагдсан байдал зэрэг олон хүчин зүйлээс хувь хүний хүмүүжил төлөвшин тогтдог. Нийгмийн байдал өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа учир тэрхүү өөрчлөлт, шинэчлэл, онцлогт тохирсон уян хатан арга зүй, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглах хэрэгтэй санагддаг. Нийгмийн үйл явц, орчин нөхцөлдөө тохируулж, өөрийн байгууллагын онцлог, бие бүрэлдэхүүнийхээ сэтгэл зүйг мэдэрсэн, уян хатан үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай. Бид энэхүү жишиг төлөвлөгөөгөөрөө зөвхөн чиглэл өгч байгаа төдий. Түүнээс байгууллага бүр хэрхэн ажиллах, хэрхэн сэтгэж үйл ажиллагаа явуулах нь нээлттэй. Төлөвлөөд, үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд үр дүн гарахгүй бол арга барил, хэлбэрээ өөрчлөөд үзэх хэрэгтэй. Цэргийн дүрэмт хувцас өмсөж, мөрдэс зүүсэн төрийн алба хаагч маш өндөр ёс зүйтэй, дэг журамтай, сахилга баттай, хариуцлагатай байж энэ албаныхаа нэр хүндийг авч явна. Тиймээс үлгэр жишээ, загвар болохуйц алба хаагчийг олж, тодотгон урамшуулах хэрэгтэй. Үе үеийн цэргийн удирдлага, домог болсон түүхэн хүмүүсээс илүүтэй нэгэн цаг үед хамтдаа ажиллаж, амьдарч байгаа хэн нэгэн, хажууд байгаа анд нөхрөөсөө үлгэж жишээ авах нь нөлөөллийн асар өндөр ач холбогдолтой.

Хамгийн ёс зүйтэй, дэг журамтай хүнийг ч хэтрүүлж уусан сархад гэмт хэрэгтэн болгох нь бий. Архидан согтуурахтай тэмцэх ажил танай зөвлөлийн үйл ажиллагаатай хэрхэн уялдаж байна вэ?

Архидан согтуурах үйл явцтай үе үеийн нийгэм, төр засгийн байгууллага тэмцсээр ирсэн. Батлан хамгаалахын сайдын Архидан согтуурахтай тэмцэх ажлыг зохион байгуулах тухай 2021 оны А/83 дугаар тушаал бий. Тэрхүү тушаалыг ягштал биелүүлж, хэлбэрэлтгүй мөрдөж, биелүүлж ажиллах ёстой. Бид архидан согтуурах асуудлыг бууруулах, арилгах нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна. Хууль эрх зүйн хүрээнд ч зохицуулалт бий. Та архидан согтуурсан бол, хэрэг зөрчил гаргасан бол таныг цэргийн албанаас хална, шийтгэнэ, хариуцлага хүлээлгэнэ. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэхийг цэргийн алба хаагчдад хориглодог. Хувь хүний хэрэглээг хориглох, цагдах аргагүй ч цэргийн дүрмээ сахиж, сайдынхаа тушаалыг биелүүлэх л хэрэгтэй. Цэргийн алба хаагчийн хувь хүний ухамсрын асуудал юм. 

Салбарын удирдлагаас бодлого боловсруулж, төлөвлөгөө баталж, чиглэл өгөх нэг хэрэг. Тухайлбал, та бүхэн анги байгууллагадаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх ажлыг гардан гүйцэтгэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах, тэднийг мэдээ мэдээллээр хангах, сургалтад хамруулах талаар хэрхэн анхаарч байна вэ?

Бидний гаргасан жишиг төлөвлөгөөний дагуу анги байгууллагынхаа үйл ажиллагааны онцлогийг тусгасан “амьд” төлөвлөгөөг боловсруулж, үр дүнтэй хэрэгжүүлэх нь уг салбар зөвлөлийг хариуцаж байгаа алба хаагч, түүнийг ойлгон мэдэрч, хамтарч ажиллаж байгаа гар нийлсэн удирдлагын үйл ажиллагаа цогц болсны эцэст үр дүн гарна. Жагсаалын талбай цэлгэр байна, шал тааз цэмцгэр байна гэх зэрэг өнгөц аж ахуйн асуудал чухал бус юм. Жинхэнэ ёс зүйтэй, сахилга баттай хүнийг бий болгох, түүнийг хэвээр хадгалах гэдэг хэцүү. Зэвсэгт хүчний гол хөдөлгөгч хүчин зүйл нь, мөн буруугаар эргэвэл нийгэмд асар их шуугиан тарьж чадах хүчин зүйл нь хүн юм шүү гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Хүн рүүгээ хандсан, хүндээ хүрсэн үр ашигтай үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулна гэдэг тухайн салбар зөвлөл болон удирдлагын нэн тэргүүний ажил. Салбар зөвлөлийг хариуцаж буй албан тушаалтан ажлаа ойлгоогүй, идэвхгүй хойрго хандах нь сөрөг нөлөөтэй. Тэдний тархийг цэнэглэх, мэдээ мэдээллээр хангах ажлыг танхимын хэлбэрээр болон цахим орчинд хийх болно. Бид шалган туслах байдлаар салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад оролцож байгаа. ЗХЖШ-ын салбар зөвлөл маань нэлээд өргөн хүрээнд, анги салбарууд руугаа чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ ташрамд бид эмэгтэйчүүдийн зөвлөл, гэр бүлийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж байгаа. Учир нь, хүн ганцаар ажиллаж амьдардаггүй. Хувь хүний ажлын амжилт, үр дүнд гэр бүлийн үүрэг оролцоо их. Манай салбар зөвлөлийн удирдлагууд үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж, батлуулаад мартчихдаг цаас төдий биш байлгаасай. Төлөвлөгөө бодитой, амьд, хамт олон, нэгж, хувь хүнд хүрсэн, амьдралаас урган гарсан асуудлыг нь урьдчилан сэргийлж, сайжруулах гэж гарсан байх ёстой. Ингээд салбар зөвлөл, тэдгээрээр дамжуулж батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүндээ сахилга хариуцлага, дэг журамтай байж нийгэмд үлгэрлэн манлайлж, зөв нөлөөллийг үзүүлээсэй хэмээн хүсэж байна.

"СОЁМБО" СОНИН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10