“Батлан хамгаалахын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөл”-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдан гарсантай холбогдуулан ЗХЖШ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн үйл ажиллагааны талаар ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтэс, цэргийн цагдаагийн дарга хурандаа Н.Лхагвасүрэнгээс тодруулга авлаа.
ЗХЖШ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөл”-ийн 2021 онд хийж хэрэгжүүлсэн гол ажлуудаас онцлон дурдана уу?
ЗХЖШ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл” ээлжит болон ээлжит бус өргөтгөсөн хуралдааныг бусад салбар зөвлөлтэй цахимаар явуулж, албан даалгавар, сэрэмжлүүлгүүдийг боловсруулж, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудад хүргүүлж хэрэгжилтийг ханган ажиллалаа. Манай зөвлөл 2021 онд Зэвсэгт хүчний офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч, ажилчин албан хаагчид гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаан нөхцөлийг тогтоох, дүн шинжилгээ хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох ажлын хүрээнд 2010-2021 онд шүүхийн шийдвэрээр хорих болон хорихоос бусад төрлийн ялаар шийтгэгдсэн алба хаагчдын судалгаа болон Зэвсэгт хүчний хэмжээнд гарсан гэмт хэрэг, осол, зөрчлийн судалгааг 2010-2021 оны байдлаар нэгтгэж, түүнд тулгуурлан дүн шинжилгээ хийж албан хэрэгцээнд ашиглаж байна. Мөн нэгтгэл, ангиуд цэргийн албыг зохион байгуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн ёс зүй, сахилга, дэг журмыг сахиулах зорилгоор богино хэмжээний аудио, видео бичлэг, шторк хийж сургалт, соёл хүмүүжил, соён гэгээрүүлэх ажилд ашиглах, телевиз, цахим орчинд сурталчилгаа, сэрэмжлүүлэг явуулах ажлуудыг тогтмолжуулсан.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-үүд орон нутгийн төрийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах, бие бүрэлдэхүүнд мэдээлэл хийлгэх, яриа, таниулга, хууль сурталчлах болон тухайн аймаг, нийслэлийн цагдаагийн байгууллагатай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай” хуулиудын холбогдох заалтуудаар сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж байна.
Зэвсэгт хүчинд дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэхэд Цэргийн цагдаагийн гүйцэтгэх үүрэг их ээ. “Цэргийн цагдаа-2030” хөгжлийн хөтөлбөр ч цаг үеэ олсон чухал ажил боллоо гэж харж байна.
Монгол Улсад 1924 онд Цэргийн Явдлын Яамны шууд удирдлагад байгуулагдсан Улаанбаатар хотын “Цэргийн комендант”-ын өнөө цагийн үргэлжлэл болох ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсийг 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2020 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар байгуулсан билээ. Манай хэлтэс болон Цэргийн цагдаагийн байгууллагын эрх хэмжээ, үүрэг хариуцлагыг Монгол Улсын хууль, эрх зүйн баримт бичгүүдэд нарийвчлан тодорхойлсон байдаг. Тухайлбал, Цэргийн албанд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, цэргийн ёс зүй, сахилга, дэг журам сахиулах, цэргийн алба хаагчийн эрх ашгийг хамгаалах, албаны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна. Бид “Цэргийн цагдаа-2030” хөгжлийн хөтөлбөрийг батлуулж, 2021 онд I шатны ажлыг дуусгаад 2022 оноос II шатны ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй уялдуулан цэргийн цагдаагийн ажиллагааны багц журмын төслийг боловсруулан, ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газар, Цэргийн албаны хэлтэс хамтран нийт цэргийн 11 хүрээ, 5 хотхонд цэргийн цагдаагийн нэгж зохион байгуулах тооцоо, судалгаа хийж, тэдний гүйцэтгэх үүрэг, боломжийг тодорхойлж ЗХЖШ-ын даргын тушаалаар цэргийн цагдаагийн салбар нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлуулан, томилогдсон цэргийн цагдаагийн алба хаагчдад үндсэн сургалтыг зохион байгуулж, цэргийн хүрээ хотхонуудад цэргийн цагдаагийн нэгжүүд үүрэг гүйцэтгэж эхлээд байна. Батлан хамгаалахын сайдын өгсөн чиглэлийн дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах, аюулгүй байдал, цэргийн алба хаагчдын хооронд харилцааны зөрчил гарч болзошгүй үл хянагдах орчныг хянах, урьдчилан сэргийлэх, цэргийн албаны өдөр тутмын үйл ажиллагааг хянах камержуулах ажил үе шаттайгаар хэрэгжиж байна.
Зэвсэгт хүчний хэмжээнд гэмт хэргийн гаралт, сахилга дэг журмын зөрчлийн талаарх нэгдсэн судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хийх ажлаа төлөвлөдөг гэж ойлгож байна. Үүнээс нийтэд дуулгах, сэрэмжлүүлэг болох статистик тоо баримтын талаар ярих уу?
Гэмт хэрэг, зөрчлийн хувьд Зэвсэгт хүчний хэмжээнд амиа хорлох болон амиа хорлохыг завдах явдлын шалтгаан, нөхцөл, өсөлт, бууралтын талаар сүүлийн 5 жилийн бүртгэл, судалгааг өмнөх онуудынхтай харьцуулан дүн шинжилгээ хийхэд дээрх хэрэг өсөх хандлагатай байгаад сэтгэл зовж байна. Товчхондоо, өмнөх онуудаас энэ төрлийн гэмт хэрэг 2020 онд 5 дахин, 2021 онд 3 дахин өссөн нь цаашид бидний үйл ажиллагааны төлөвлөлтдөө онцгой анхаарах асуудлын нэг болоод байгааг харуулж байна. Ер нь 2021 оны байдлаар Зэвсэгт хүчний хэмжээнд 17 төрлийн гэмт хэрэг, осол зөрчилд бүртгэгдсэн нийт 46 цэргийн алба хаагч байгаа бөгөөд хууль, дүрэм журмын дагуу хариуцлага хүлээлгэн арга хэмжээ авч ажилласан.
Үүнээс гадна бид гэмт хэрэг, осол, зөрчлийн талаар ярихын зэрэгцээ сайшаалын талаар ч судалгаа гаргаж байгаа. Жишээлбэл, Зэвсэгт хүчний хэмжээнд 2021 оны байдлаар ажил, албандаа амжилт гаргасан нийт 5968 цэргийн болон ажилтан алба хаагчид сайшаал хүртсэн байна.
“Батлан хамгаалахын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөл”-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдан гарлаа. Энэхүү төлөвлөгөөнд Зэвсэгт хүчний салбар зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой ямар ажлууд тусгагдсан бэ?
ЗХЖШ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөл”-ийн 2022 оны төлөвлөгөөг БХЯ-ны эл зөвлөлийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан. Батлан хамгаалах салбарын уг зөвлөлийн төлөвлөгөөг боловсруулахад Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатарын ахалсан ажлын хэсэгт ЗХЖШ-ын салбар зөвлөлийн зарим гишүүд орж ажилласан бөгөөд Зэвсэгт хүчинд хэрэгжүүлэх холбогдох ажил, арга хэмжээг тус төлөвлөгөөнд тусгасан. Энэхүү ажлын гол санаа нь бид болж өнгөрсөн гэмт хэрэг, зөрчлийн араас хариуцлага тооцох биш, урьдчилан сэргийлэх, хэвшүүлэхэд чиглэж байгаа юм.
Батлан хамгаалахын дэд сайд анги, байгууллага бүхэн өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан хүн рүүгээ чиглэсэн, хэрэгжиж болох, үр дүнтэй байх талаас нь бодолцож 2022 оны төлөвлөгөөгөө боловсруулах талаар чиглэл өгсөн. Танай салбар зөвлөлийн энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан онцлог ажил гэвэл ...
Батлан хамгаалахын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэхтэй холбоотой хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн зөвлөмж, албан даалгавар боловсруулж, салбар зөвлөлүүдэд хүргүүлэх, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулахаар тусгасан. Гэхдээ үүнд ялангуяа албан даалгавар, сэрэмжлүүлгийг хүргүүлэхэд анхаарах зүйлс их байна.
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ирүүлсэн удирдамж, ажлын чиглэлийг хэрэгжүүлж аймаг, нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүд, хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын зэвсэглэл, галт хэрэглэлийн бэлэн байдал, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, зэвсэглэлтэй ажиллах үеийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулах, цэргийн алба хаагчидтай цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт сурталчилгаа зохион байгуулах, “Таны аюулгүй байдал-Таны гарт”, “Ёс зүй-Сахилга хариуцлага”, “Зохистой амралт- Аюулгүй хөдөлгөөн”, “Ёс зүй-Зөв үйлдэл” зэрэг аяныг Батлан хамгаалах яам, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газартай хамтран улиралд нэг аян явуулах зэрэг томоохон ажлуудыг төлөвлөгөөнд тусгасан.
Зэвсэгт хүчний хэмжээний гэмт хэргийн гаралт, зөрчлийн үндсэн шалтгаан нөхцөлүүдийн нэг нь алба хаагчийн сэтгэл зүйтэй холбоотой асуудал юм. Ингэхээр сэтгэл зүйч мэргэжлийн офицеруудын нөхөн хангалтын асуудал зайлшгүй сөхөгдөх байх.
Энэ тухайд тодруулбал ...
Зэвсэгт хүчинд мөрдөгдөж буй “Сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах заавар”-ын хэрэгжилтийг нэгтгэл, анги, байгууллагуудад зохион байгуулж, сэтгэл зүйн хангалтын сарын мэдээ, албан даалгаврын хариуг судлан дүгнэж, бүртгэж тооцон сэтгэл зүй, соёл хүмүүжлийн ажилтнуудыг үүрэг чиглэлээр хангаж ажилласны үр дүнд бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн байдал харьцангуй тогтвортой байна.
Батлан хамгаалахын сайдын “Цэргийн жинхэнэ албаны офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэг явуулах журам" батлах тухай тушаал, ЗХЖШ-ын даргын “Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэг явуулах” тухай тушаалын дагуу Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн байдлын түвшнийг 2021 онд сорил, судалгаа авч дүгнэсэн. Үүнээс харвал, офицер, ахлагч нарын темпераментын байдал: Холерик-14 хувь, флегматик-39 хувь, сангвиник-32 хувь, меланхолик-15 хувь байна. Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын 70 гаруй хувьд флегматик, сангвиник темперамент давамгайлж байгаа нь үүрэг гүйцэтгэх боломжтой, сэтгэл зүйн хямрал, айдас, түгшүүрт автах нь бага гэсэн үнэлэлт, дүгнэлт гарч байна. Гэсэн хэдий ч цэргийн алба хаагчдын сэтгэл зүйг тогтвортой байлгах, болзошгүй хямрал, стрессээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.
ЗХЖШ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөл”-д төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын сар бүрийн сэтгэл зүйн хангалт, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээг тогтмол ирүүлж байгаа ба түүнд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж байна. Үүний нэг томоохон ажил нь ҮБХИС-ийн материаллаг баазыг түшиглэн 2021 оноос Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын сэтгэл зүйч офицеруудын мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Сахилга дэг журам, ёс зүйн талаар ярихад зөвхөн дан ганц цэргийн алба хаагчийн тухай байхаа нэгэнт больжээ. Гэр бүлийн орчин, ар гэрийн уур амьсгал цэргийн алба хаагчийн сэтгэл зүйд нөлөөлдөг гэдэг утгаар илүү өргөн дэлгэр сэтгэж, тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа ч үгүйлэгдэж байна ...
Тийм ээ, сүүлийн үед тулгамдаж буй асуудлуудын нэг бол цэргийн алба хаагчийн ар гэр болоод байгаа. Ар гэртээ асуудалтай хүн ажлаа хийх, үүрэг биелүүлэхэд хүндрэлтэй байдаг. Бид цэргийн алба хаагч ажлын байрандаа ар гэртээ санаа зоволгүйгээр ажлаа хийж, гэр орондоо ажлаа бодолгүй амардаг байхад анхаарах ёстой юм.
Иймд хугацаат цэргийн алба хаагчид “Илгээмжийн үйлчилгээ”-ээр үйлчлүүлэх ажлыг цэргийн хүрээний ангиудад хэвшүүлэх ажлын хэрэгжилтийг хангаж мөн “Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хугацаат цэргийн алба хаагчийг утсаар яриулах журам”-ийг боловсруулан ЗХЖШ-ын даргын тушаалаар баталгаажуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрт талархлын захидал явуулах, утсаар яриулах, дүрст ярилцлага хийлгэх, хүн хүч муутай зарим ар гэрт нь хүн хүчээр туслах, дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийж байна. Энэ талаар мэдээллүүд цахим орчинд тавигдаж байгаа. Түүнээс гадна залуу офицер, ахлагч нарыг хүнтэй ажиллах арга барилд сурган дадлагажуулахаас гадна, тэдний ар гэр амьдрал ахуйг нарийвчлан судлах, тэдэнд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. 2021 онд л гэхэд гэр нь шатсан цэргийн алба хаагчдад туслах аян өрнүүлж, ямар ч байсан гэр оронтой болгосон.
Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа болон албан үүргээ гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдын ар гэрийн асуудалд анхаарч нэгтгэл, анги, байгууллагуудад орон тооны бус “Гэр бүлийн зөвлөл”-ийг шинээр байгуулж, ажиллах журмыг тодорхойлон төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран гэр бүл төлөвлөлт, өрхийн төсөв санхүү бусад шаардлагатай чиглэлээр арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Сүүлийн үед Зэвсэгт хүчинд төдийгүй Монгол Улсад газар авч байгаа “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг”-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.
"СОЁМБО" СОНИН
АДМИН








Нийгэм







