Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний төв хэвлэл "Соёмбо" сонинд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа талаар ийн ярьжээ.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөл зохих хэмжээг ажил олгогч буюу төрийн байгууллага хэрхэн төлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт байхгүйгээс дээрх хугацаанд тухайн алба хаагчийн ажилласан жил болон цэргийн алба хаасан хугацааг хэрхэн тооцох асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ үүссэн. Иймд хуулийн төслөөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасантай нийцүүлэн алба хаагч эмэгтэйн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны төлбөл зохих Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тухайн үед мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөх эрх зүйн зохицуулалтыг хуульд тусгаснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420,000 төгрөгөөр тооцож, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх юм.
Цэргийн албаны тухай болон Цагдаагийн албаны тухай хуульд эмэгтэй алба хаагч офицер, ахлагч нь албаа цэргийн цол харгалзахгүйгээр дунджаар 47 нас хүртэл хаахаар нийтлэг байдлаар хуульчилсантай холбогдуулан эмэгтэй алба хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг алба хаасан хугацаанд оруулан тооцохтой холбогдсон эрх зүйн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.
Цэргийн алба хаагч нь алба хаах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлснөөсөө төлдөггүй эрх зүйн зохицуулалттай холбоотойгоор цэргийн тэтгэвэр тогтоолгоод Ахмад настны тухай хуульд заасан насанд хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд түүнд оршуулгын зардал олгодоггүй хуулийн хийдэл байгааг засах талаар анхаарч ажилласан. Энэ нь юу вэ гэхээр цэргийн тэтгэвэр авагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардлыг төрөөс хариуцан олгож байх эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмж оруулж байгаа юм.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цэргийн алба хаагч 10-аас доошгүй жил цэргийн алба хаагаад орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан тохиолдолд хувь тэнцүүлэн тэтгэвэр авах эрх үүсэхээр хуульчилсныг тус хуулийн нэг удаагийн тэтгэмж олгохтой холбогдох 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтэй уялдуулан нарийвчлан тодорхойлох шаардлага байсан.
Тодруулбал, цэргийн алба хаагч 10 хүрэхгүй жил цэргийн алба хаагаад хуульд заасан үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах тухай зэрэг бусад хууль тогтоомжид заасан зохицуулалтын хүрээнд тэтгэмж, хөнгөлөлт авах хуулийн зохицуулалт үйлчилж байгаа тул энэхүү хуулийн төслөөр эрх зүйн зарим харилцааны уялдаа холбоог тодорхой болгож өгсөн гэж ойлгож болно" гэжээ.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
АДМИН








Нийгэм







