Даатгалын салбарын 2021 оны статистик мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооноос нэгтгэн гаргажээ.
Өнгөрсөн онд
ердийн даатгалын 15
урт хугацааны даатгалын 1
давхар даатгалын 1
даатгалын зуучлагч 57
даатгалын хохирол үнэлэгч 25 компани болон
2,403 даатгалын төлөөлөгч тусгай зөвшөөрөлтэйгөөр даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулсан байна.
2021 оны байдлаар даатгалын компаниудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 43.4 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар өсөж, 425.4 тэрбум төгрөгт хүрчээ.
Ердийн даатгалын компаниуд 2021 онд 241.5 тэрбум төгрөгийн, урт хугацааны даатгалын компани 1.8 тэрбум төгрөгийн нийт 243.3 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлжээ.
Ердийн даатгалын компаниудын хувьд 6.1 тэрбум төгрөгийн хураамжийн буцаалт хийж, 84.4 тэрбум төгрөгийг давхар даатгалын хураамжийн зардалд зарцуулж, 151.1 тэрбум төгрөгийн даатгалын цэвэр хураамжийн орлоготой ажиллажээ.
Сүүлийн 5 жилийн даатгалын нийт хураамжийн дундаж өсөлт 17 хувь байсан бол 2021 онд 20.8 хувиар өссөн байна.
2020 оны байдлаар ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд нийт хураамжийн 33.1 хувийг давхар даатгалын хураамжийн зардалд зарцуулж байсан бол 2021 онд 34.7 хувийг зарцуулжээ.
Урт хугацааны болон ердийн даатгалын компаниуд 2021 оны байдлаар нийт 68.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна.
Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд нийт нөхөн төлбөрийн 7.1 хувийг давхар даатгагчаар, 2.5 хувийг буруутай этгээдээр төлүүлжээ.
Ердийн даатгалын компаниудын цэвэр ашгийн хэмжээ 2021 онд 23 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.5 хувиар буюу 5.4 тэрбум төгрөгөөр өссөн байгаа бол урт хугацааны даатгалын компани 1.5 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Давхар даатгалын компани 2.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.2 хувийн бууралттай байна.
2021 онд даатгалын компаниудын хуримтлагдсан ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.5 хувиар буюу 13.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Тайлант хугацаанд ердийн даатгалын компаниуд сайн дурын 518,654 болон албан журмын 690,589 даатгалын гэрээ байгуулж, 241.5 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлж, 6.1 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн буцаалт хийж, 151.1 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн цэвэр орлого тайлагнажээ.
Тайлант хугацаанд ердийн даатгалын компаниуд нийт 67.2 тэрбум төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.4 хувиар өсжээ.
Үүнээс
4.9 тэрбум төгрөгийг давхар даатгагч
1.7 тэрбум төгрөгийг буруутай этгээдээр төлүүлсэн байна.
АДМИН







Нийгэм







