Dark Light
Нийгэм | 2022-03-05

Б.Бат-Эрдэнэ: Яриад өнгөрөх биш ажил хэрэг болгоход анхааръя

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Дундговь аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хамт тус аймгийн БОАЖГ болон байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ. 

Уулзалтын үеэр байгаль орчны чиглэлийн мэргэжилтүүд Дундговь аймгийн газар нутагт цөлжилт ихсэж буйг тодотгож байв. Үүнээс гадна тус аймаг болон бусад аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын нүүрс тээвэр дайран өнгөрөхдөө бэлчээрийн чанарыг муутгадаг, зам сүйтгэдэг асуудлыг дэвшүүлж, саналаа хэлж байсан юм. Түүнчлэн нүүрс тээвэр тусгай хамгаалалттай газар нутгийг дайран өнгөрч буйг ч тодотгов. 

Мөн байгаль хамгаалагчдад гэнэтийн ослын даатгал хийлгэж байх, тэднийг жил бүр эрүүл мэндийн нарийн шинжилгээнд оруулах, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг боловсронгуй болгох, судалгаанд суурилсан бодлого тодорхойлох гэх мэт асуудлыг хөндөж байлаа.  

Салбарын ажилтан, албан хаагчид саналаа хэлсний дараа БОАЖЯ-ны төлөөлөл хариулт өглөө. 

Тухайлбал, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа хэлсэн үгэндээ “Одоогийн байдлаар Дундговь аймагт мод үржүүлэх чиглэлээр 30 орчим мянган тарьц, суулгац бий гэж байна. Гэхдээ бидэнд Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгцээ бий. Тэгэхээр илүү идэвхжих, үйл ажиллагаагаа өргөжүүлэх шаардлага байна. Мөн тус аймагт олон улсын төсөл хөтөлбөрүүд маш бага байдаг гэж сонслоо. Эхний ээлжид танай сум дундын Ойн ангийг дэмжиж хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр ашиглах хүлэмж өгөхөөр шийдлээ. Цаашид танай ойн ангийг дэмжих асуудлыг шат шатанд ярьж байна” гэсэн юм. 

Тэгвэл Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх “Нүүрс тээврийн шороон замын трасс Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын нутгаар дайран өнгөрч байгаагаас олон салаа зам гарч, цөлжилт, газрын доройтлыг нэмэгдүүлж, ан амьтны шилжилт хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж байгаа асуудал хөндөгдөж байна. Энэ тээврийн замын трассыг Их газрын чулууны БЦГ-ын хилийн цэсийг тойруулах ямар боломж хувилбар байгааг судалж, улмаар хатуу хучилттай технологийн зам бариулах чиглэлд анхаарч ажиллая” гэсэн юм. 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дүгнэж хэлсэн үгэндээ “Орон нутгийн төсвөөс холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, аймаг сумдын түвшинд ойг хамгаалах, сум дундын Ойн ангийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай бий. Ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байна. “Хөх морь” төслийн хүрээнд Орхон-Онги төслийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэдийн ус ундны асуудал, тариалалтын асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байгаа” гэсэн юм. 

Мөн тэрбээр “Аймгийн хэмжээнд цөлжилтийн нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай байгаа. Жил бүр цөлжилтийн эсрэг 50 га газрыг орон нутгийн санхүүжилтээр ойжуулах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Түүнчлэн хог хаягдлын асуудал байна. Аюултай хог хаягдлын тооллогыг хийх хэрэгтэй байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд энэ чиглэлийн санал хүсэлтээ явуулаарай. Та бүхэнд энд хэлэлцсэн санал, хүсэлттэй холбоотой бэлэн төсөл байвал бидэнд өгөөрэй. Үеийн үед асуудлыг зөвхөн яриад өнгөрдөг байдлыг халмаар байна. Тал талдаа аливаа асуудлыг ажил хэрэг болгоход анхааарч ажиллах хэрэгтэй байгаа. Энэ тал дээр хичээж ажиллаарай гэдэг чиглэлийг хэлье. Бид байгаль хамгаалагчдын асуудлын тухайд тэдний цалинг доод тал нь сая төгрөг байх ёстой гэж харж байгаа. Төсөв дээр нь зургаан тэрбум төгрөг нэмэхэд ийм боломжтой болох юм билээ. Үүнээс гадна уул уурхайн компаниудтай холбоотой бодлого гаргах ёстой гэж үзэж байгаа” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10