Dark Light
Нийгэм | 2022-03-05

Мод тарьдаг, үржүүлдэг, арчилдаг хэн бүхнийг бодлогоор дэмжинэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Ногоон Төв аймаг” анхдугаар зөвлөгөөн (2022.03.05) Төв аймагт боллоо. Тус зөвлөгөөнд байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцов.  

Чуулганы үеэр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ

“Төв аймаг зөвлөгөөн хийж байгаад талархаж байна. 2030 он хүртэл бид тэрбум мод тарьж, ургуулах ёстой. Энэ дагуу хэрхэн техник технологи, инновац шинэчлэл хийх вэ гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Аймгууд дээр хийж буй зөвлөгөөн бол бид төлөвлөлтөө бүх талын оролцоотой, бодитой хийх зорилготой юм. Монгол Улсын хэмжээнд нөхөн сэргээгдээгүй 8000 гаруй га газар байна. “Алтыг нь аваад авдрыг нь хаялаа” гэдэг шиг л явдал. Эцсийн эцэст үүний хохирогч нь нутгийн иргэд болоод үлдэж байна. Тийм болохоор хариуцлагагүй уул уурхайн асуудлыг ярих цаг болсон. Салбарын яамны зүгээс мод тарьдаг, үржүүлдэг, арчилдаг бүх хүнээ төрийн бодлогоор дэмжинэ гэдгийг хэлье” гэсэн юм. 

Төв аймгийн хувьд нийт газар нутгийн 76.8 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс нэн хүчтэй зэрэглэл цөлжилтөд өртсөн талбай 6.1 хувь, хүчтэй зэрэглэлээр цөлжилтөд өртсөн талбай 21.8 хувь, дунд зэрэглэлийн цөлжилтөд өртсөн талбай 24.4 хувийг тус тус эзэлж байгаа судалгаа гарсан байна. 

Төв аймгийн хувьд 1.3 сая га талбайг ой эзэлдэг бөгөөд Лүн, Батсүмбэр, Мөнгөнморьт сумдад сум дундын 3 ойн анги ажилладаг. Мөн Эрдэнэ, Мөнгөнморьт, Батсүмбэр зэрэг сумдад Якобсоны төөлүүрч эрвээхэй 9000 га талбайд голомтлон тархсан байгаа тул 2022 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа юм.  

Цаг уур орчны шинжилгээний газраас 2020 онд хийсэн хөрсний шинжилгээний дүнгээр Төв аймгийн Зуунмод хотын зарим цэгт стронцийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-1.8 дахин их, цайрын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-2.4 дахин их байгаа шинжилгээний дүн гарсаныг анхаарч ажиллах нь зүйтэй байгааг албаныхан хэлж байв. 

Түүний зэрэгцээ Төв аймгийн нутагт 177.2 мянган га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 320 тусгай зөвшөөрөл, 225.6 мянган га талбай бүхий хайгуулын 108 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд уул уурхайн олборлолт, бичил уурхайн нөхөрлөл, хувиараа алт олборлогчдын улмаас 6 сумын 42 байршилд 4275 га талбай эвдрэлд орсон байна. 

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.8-д “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх” зорилтын хэрэгжилтийг хангуулах хүрээнд тус аймгийн нутагт 2021 онд нийт 510 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 257.6 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийлгүүлээд байгаа юм. 

Зөвлөгөөний үеэр Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг танилцууллаа. 

Тэрбээр “Монголчууд амьдралын эх ус, усны эх мод гэж ярьдаг. Тийм болохоор уг зөвлөгөөнийг хийж буй та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын өмнөөс мэндчилгээ дэвшүүлж байна. 

“Тэрбум мод” хөдөлгөөнийг орон нутагт хэрхэн зөв зохистой хэрэгжүүлэх төлөвлөгөө, хэрэгжилтийг хэрхэн хянах асуудлыг ярилцахаар орон нутагт зөвлөгөөнүүдийг зохион байгуулж байгаа. Зөвлөгөөнөөс гарсан саналыг энэ хаврын улирлаас эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг та бүхэн ойлгож байгаа байх. Байгаль хамгаалах бол зөвхөн төрийн байгууллагын үүрэг биш юм. Бүх талууд үйл ажиллагаанд оролцох ёстой гэж харах нь зүйтэй. 

Орон нутгийн удирдлагууд, үүнд оролцож байгаа байгууллага, ард иргэд та бүхэнд Ерөнхийлөгчийн зүгээс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” гэсэн юм. 

Түүнчлэн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа хэлсэн үгэндээ “Бид стратеги төлөвлөгөөгөө хараахан дуусгаагүй, жаахан зүйл үлдээсэн байгаа. Цөөн хэдэн аймаг зөвлөгөөнөө хийчихвэл бид төлөвлөлтийг нь хараад том зураг маань гарах юм. Хангай, говь цөл, хээрийн бүсийн аймгууд тус бүрдээ онцлогтой. Тэгэхээр аймаг бүрдээ таарсан жорыг бид гаргаж, нэгдсэн төлөвлөгөөний дагуу удирдлага зохион байгуулалтаар хангах нь чухал байгаа. Бид энэ он, ирэх жилд тарьц суулгац, хүний нөөц гэх мэт бэлтгэл ажлаа хангана. Өнөө жил мянган сургагч багшийг бэлтгэхээр төлөвлөсөн. Эдгээр хүмүүс маань бас ажил эхлэхэд дутна шүү дээ. Тиймээс бид орон нутагт байгаа мод тарьж ургуулдаг хүмүүсээ энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцооч гэж уриалж байгаа юм” хэмээн ярьж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10