Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр цагдан хоригдож, шалгагдаж буй иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид мэдээлэл хийлээ.
Энэ талаар өмгөөлөгч Г.Баасан “Тагнуулын байгууллагаас “Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, тэдний үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авч байсан” гэсэн. Тэгтэл Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллага гэдгийг огт мэдээгүй. Харин тагнуулын байгууллага мэдэж байсан. Тэгвэл тагнуулын байгууллага өөрийн чиг үүрэгт байдаг урьдчилан сэргийлэх үүргээ яагаад биелүүлсэнгүй вэ.
Тагнуулын байгууллага иргэн Ч.Мөнхбаярыг гэмт хэрэгтэн болгох гэж сэтгүүл зүйтэй хамтарч байна. ТЕГ-аас гадаадын тагнуулын байгууллагыг зарлаагүй хэр нь зарим мэдээллийн сайтаар уг мэдээллийг цацсан. Тагнуулын байгууллага хэвлэлүүдээр нууц мэдээллээ цацуулж, сэтгүүлчдээр дамжуулан Ч.Мөнхбаярын алдар хүндэд халдаж байна.
Жишээ нь, жолооч хүн гаднын тагнуулын байгууллагын ажилтан гэдгийг нь мэдэлгүйгээр орчуулагчаар дамжуулан тохиролцоод хэд хэдэн удаа машинаар үйлчилж, хөлсөө авсан. Гэтэл гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, урамшуулал авсан гэдэг үндэслэлээр буруудах хууль Монгол Улсад үйлчилж байна.
Хэрэв Ч.Мөнхбаяр гаднын тагнуулын байгууллагын ажилтан гэдгийг мэдсэн бол түүнийг хамтарч ажилласан гэж үзэх боломжтой. Харин огт мэдээгүй хүнийг энэ үндэслэлээр яллавал буруу жишиг тогтоно.
Тиймээс бид төрийн гурван өндөрлөг болон тагнуулын байгууллагад хандаж байна.
Ч.Мөнхбаяр орос хэлтэй. Харин тагнуулын байгууллагаас мэдээлсэн гадаадын тагнуул гээд байгаа хүн нь англи хэлтэй. Дундаа орчуулагчтай байсан. Үүнээс илүү мэдээлэл өгөхгүй.
Түүний гэрээс хураасан мөнгө, цахимд дэлгэсэн мөнгөний хооронд том зөрүү бий. Тийм их хэмжээний мөнгө байгаагүй" гэв.
АДМИН








Нийгэм







