Dark Light
Нийгэм | 2022-03-12

Гэр оронгүй иргэдийн дундын мэдээллийн сан бий болгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох байранд байрлуулах үйлчилгээ үзүүлдэг Төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.  

“Өлзийт асар” ТББ-ын захирал, нийгмийн ухааны докторант Л.Баянмөнх “Архины хамааралтай, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдтэй ажиллах нийгмийн ажлын үйлчилгээний загвар” сэдвээр танилцуулга хийж, өөрийн судалгаа, арга туршлага, саналаас хуваалцсан юм.  

Гэр оронгүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байршуулах үйлчилгээг нийслэлийн хэмжээнд 6 төрийн бус байгууллага гэрээлэн гүйцэтгэж байна. 2021 онд хоноглох байранд байрлуулах үйлчилгээнд нийслэлийн хэмжээнд 367 гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэд 3-52 хоногийн хугацаанд хамрагдсан. Тэдний 89 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. 

Төрийн бус байгууллагуудын зүгээс олон санал гаргасан. Тэнэмэл иргэдийн дийлэнх нь архины хамааралтай байдаг. Тийм хүмүүсийг донтолтоос нь ангижруулахад хөдөлмөр эрхлүүлэх, булан тохой бүрт дэлгүүртэй хотын төвд биш зайдуу байрлуулах, мэргэжлийн боловсрол олгох, дотоод эдгэрлийн сургалт арга хэмжээнд онцгой анхаарах шаардлагатайг тэд дурдсан. 

ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл, “Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал батлагдсан. Эрх зүйн орчны хувьд ямар асуудал тулгарч байна гэдгээ ярилцаад хууль болон дагаж гарах дүрэм журамд санаачилгатай оролцох хэрэгтэй. Олон улсын жишгийг судлан тэр дагуу үйлчилгээгээ сайжруулахад анхаараарай. Архины хамаарлаасаа ангижирсан, нийгэмшиж, хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамруулах тал дээр дэмжиж ажиллана” гэлээ. 

Хэлэлцүүлгээр, гэр оронгүй, тэнэмэл иргэдийн дундын бүртгэл мэдээллийн систем бий болгох, ТББ-ууд эрх зүйн орчныг сайжруулахад саналаа нэгтгэн гаргах, мөн түр хоноглох байранд байгаа иргэдээр хөдөлмөр эрхлүүлэх ногооны талбай гаргаж өгөхөөр шийдвэрлэлээ.   

Уулзалтад ХХҮЕГ-ын халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Чимэгсүрэн, ОНОТХҮ хариуцсан мэргэжилтэн Г.Пүрэврагчаа, Нийслэлийн нийгмийн халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр, Нийслэлийн нийгмийн хамгааллын тусгай төв, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 6 төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг угтан зохион байгуулагдаж байгаагаараа энэхүү уулзалт хэлэлцүүлэг онцлог боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10