Наро Банчэн Гэгээнтний санаачилж, нийгэмд сайн сайхан сэтгэлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор эхлүүлсэн "Mind Reflection Forum" хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн форумд Сүхбаатар Дүүргийн Нэгдсэн Эмнэлэгийн дарга, Хүний Гавьяат Эмч М.Чимгээ "Эрүүл Амьдрахуй" сэдвээр, МУИС-ийн Нийгэм соёл, Антроплогийн ухааны доктор Ж.Лхагвадэмчэг "Оюун санааны засаглал ба монголчууд" сэдвээр, Наро Банчэн Гэгээнтэн "Нинжин сэтгэлийн тусгал" сэдвээр тус тус илтгэл тавив.
Гэгээнтэн илтгэлдээ, "Бид өөрсдийгөө аз жаргалтай байлгах гэж хичээдэг. Ер нь бид өөрсдийгөө маш их хайрладаг шүү дээ. Өөртөө хор хүргэхийг хэн ч хүсдэггүй. Гэвч хүн уурлахаараа өөрийгөө хорлож эхэлдэг. Учир нь уурлахаар сэтгэл амгалангүй болдог. Тэгэхээр, хэн нэгэн хүн танд уурлалаа гэж бодоход та тэр хүнийг энэрч, ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүн уур хилэнгээсээ болоод хамгийн хайртай өөрийгөө хүртэл хорлож байна шүү дээ. Өөрийгөө хорлож байгаа хүн бусдыг хорлох нь аргагүй. Тиймээс танд уурлаж байгаа хүнд хариу уурлахын оронд харин ч энэрч, хайрлах хэрэгтэй.
Нөгөө талаас, хэрэв та үнэхээр уурлах хэрэгтэй гэж үзвэл байгаа зөв онох хэрэгтэй. Хэн нэгэн хүн уурлаад таныг саваа модоор цохивол та саваа модонд уурлах уу? Цохисон хүнд уурлах уу? Мэдээж цохисон хүнд уурлана. Гэвч тэр хүн уур хилэнгийнхээ эрхэнд ороод таныг цохисон тул та тэр хүнд биш, түүний сэтгэл дэх уур хилэнд уурлах хэрэгтэй. Учир нь тэр хүн яг л саваа мод шиг өөрийн эрхгүй уурынхаа эрхэнд ороод таныг цохисон шүү дээ. Тиймээс хүнд нь биш уур хилэнд нь уурлах хэрэгтэй" хэмээн уурын эрхэнд орж, сэтгэлээ зовоохгүй байх олон арга айлдав.
АДМИН








Нийгэм







