Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан удирдамжийн дагуу нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд суралцах бэлэн байдлыг хангах, эцэг эхийн сурган хүмүүжүүлэх боловсролд туслалцаа дэмжлэг үзүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн удирдлага, ажилтан, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд “Сургуультай танилцах өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Тус өдөрлөг нь нэгдүгээр ангийн сурагчдыг сургуулийн амьдралд дасан зохицох, хүүхэд сургуульд элсэн суралцахад эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ үзүүлэх дэмжлэг, санамж зөвлөгөөг өгөх, хүүхдүүдийг сургуулийн орчинтой танилцуулах ач холбогдолтой юм.
“Сургуультай танилцах өдөрлөг”-т нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, эмч, номын санч, биеийн тамир, хөгжмийн болон бага боловсролын багш нар оролцож, өдөрлөгийг сургуулийн өөр өөрийн онцлогт тохирсон хэлбэрээр зохион байгууллаа.
Сургуулийн орчинтой танилцах өдөрлөгт оролцсоноор хүүхэд багачууд, эцэг эх асран хамгаалагчид сургуулийн гадаад дотоод орчны ерөнхий байдал, байршил, хүүхдийн тайван байх орчин, анхаарах болон эрсдэлтэй газрыг мэдэж авав.
Мөн сургуулийн анги танхим, номын сан, спорт заал, цайны газар, “Үдийн цай” хөтөлбөрийн хоолны цэс, амт чанар зэрэгтэй танилцаж, сурган хүмүүжүүлэх боловсролд дэмжлэг үзүүлэх сургалтад хамрагдлаа.