Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй" цуглааныг зохион байгуулсан билээ. Цуглааны үеэр МУГЖ Д.Сосорбарамыг үг хэлж байхад “Дэлхийн Монгол Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн болон тус байгууллагын залуус гурил цацсан. Энэ талаар гурил цацсан Х. Бээжин /2022.05.16/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Э.Бат-Үүл, Д.Сосорбарам Д.Монголхүү тэргүүтэй этгээдүүд Монгол, Оросын 100 жилийн найрамдалт харилцааг хагарган бутаргах санаатай үйлдэл, тархи угаалт олноор хийж байна. Бид үүнийг нь эсэргүүцэж, эсэргүүцлийн хамгийн хөнгөн хэлбэр буюу гурил цацаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Гаднын оронд гурил, өндөг зэрэг зүйлээр эсэргүүцлээ илэрхийлэхэд гэмт хэрэгт тооцдоггүй. Гэтэл Э.Бат-Үүл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хүн байж шившлэгтэй, хортой гурил цацлаа гэсэн яриа гаргасан.
Орос, Монголын ард түмнийг хагарган бутаргаж байгаа Э. Бат-Үүл , Монголхүү нарын эсрэг тууштай тэмцэнэ. Цаашид бид тэмцлээ үргэлжлүүлнэ,Э.Бат-Үүлийг хүмүүжүүлнэ. Эхний удаа гурил цацсан, дараагийн удаа ташуурдана. Монголчууд болохгүй байгаа хүүхдээ ташуурдаж хүмүүжүүлдэг, домнодог уламжлалтай. Орос Украйны дайныг дэмжсэн байр суурь илэрхийлсэнгүй. Орос Монголын найрамдалд харилцаанд сэв суулгаж буй хүмүүстэй тэмцэнэ” хэмээлээ.