Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 108 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 615 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна.
Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын ... хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр тус дүүргийн .. дугаар хорооны цагдаагийн хэсгийн байранд иргэн О-г онц харгис хэрцгий аргаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ.