Булган, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд “Хангинахын шугуйн шагайн тойром”-ыг энэ сарын 20,21-ны өдрүүдэд Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт хоёр аймаг хамтран зохион байгуулна.
7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээг энэ жил Орхон аймаг, Булган аймаг хамтын ажиллагааны хүрээнд хамтран зохион байгуулж байна. Наадмын үеэр шагайн харваан тэмцээнээс гадна үндэсний бөхийн барилдаан, урлаг соёлын арга хэмжээ явагдаж, хоол үйлчилгээний байгууллагууд ажиллана.
Халхын шагайн харвааны дөрвөн том тойрмын нэг “Хангинахын тойром” 400-гаад жилийн уламжлалтай гэж үздэг бөгөөд аялал жуулчлалыг өргөжүүлэх зорилгоор 2014 оноос хойш сэргээн хөгжүүлж байгаа юм. Хангинахын шугуй Булган аймгийн Булган сумаас 170, Орхон аймгийн төв Баян-Өндөр сумаас 115, Булган аймгийн Сэлэнгэ сумын төвөөс 50 км зайтай Эгийн голын эрэгт байдаг.