БНХАУ-ын эзэмшдэг Боинг 737-800 онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 21-ний өдөр осолдож, дотор нь байсан 132 хүн бүгд амь эрсэдсэн. Уг ослын шалтгааныг тодруулахаар Хятадын мөрдөгчид ажиллаж байгаа бөгөөд онгоц АНУ-д үйлдвэрлэгдсэн тул Америкийн тал ч мөн мөрдлөгийн явцад оролцож байгаа аж.
Wall Street Journal сонинд нийтэлснээр уг ослыг санаатай үйлдсэн байж болзошгүй баримтыг бүхээгийн хар хайрцгаас олсон гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ. Уг мэдээлэлд дурдсанаар бүхээгт байсан хэн нэгэн онгоцыг уулархаг бүсэд нам доогуур нисэхийг зааварчилж, улмаар онгоц осолдсон гэжээ.
China Eastern компанийн онгоц хэвийн өндөрт, тогтмол хурдтай нисч байгаад минутын дотор огцом өндрөө алдаж Гуанси мужийн Вужоу хотын ойролцоо ууланд осолдсон. Хэдийгээр Америкийн албаныхан ослын шалтгааныг тогтооход оролцож байгаа ч Хятадын мөрдөгчид нислэгийн хяналтын алдаа байсан уу, механик гэмтэл гарсан уу гэдгийг хамтрагчдадаа хэлээгүй гэж Wall Street Journal сонинд дурджээ.
Уг нислэгийг үйлдэж байсан хоёр нисгэгч эрүүл мэндийн байдал сайн, ар гэр, санхүүгийн ямар нэг асуудалгүй байсан гэж China Eastern компани мэдээлсэн. Мөн онгоцон дотор онгоц барьцаалж, гэмт үйлдэл хийх сэжигтэн байгаагүй гэжээ.
Эх сурвалж: The Guardian