Dark Light
Нийгэм | 2022-08-08

Явуулын амбулатори баруун аймгийн зүг хөлгийн жолоо заллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

      Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам хоёрын хамтын ажиллагааны хүрээнд Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт явуулын амбулатори урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үйлчилгээг баруун аймгийн иргэдэд үзүүлэхээр замдаа гарлаа.
         ЭМЯ-аас 2022 оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарласан бөгөөд өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдөр орон даяар хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд үнэгүй хамруулах үйл ажиллагаа эхлүүлсэн.
          Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт явуулын амбулатори дээрх арга хэмжээнд эхэлсэн цагаас нь хойш үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ хугацаанд 1200 гаруй иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулжээ. Эдгээр 1200 хүний 75-80 хувь нь эрүүл, үлдсэн 20-25 хувьд нь даралт ихсэх, ходоод гэдэс, элэг цөсний өвчлөл, мэс засал, арьс, бэлгийн замын өмчлөлүүд эхний байруудад орсон байна. Дээрх өвчлөл оношлогдсон иргэдийг цаашид хэрхэн эмчлэх зөвлөмжүүдийг өгч дараагийн шатны эмчилгээнд харуулжээ.
       Харин өнөөдөр Баруун аймгийн зүг хүлгийн жолоо залж буй хөдөлгөөнт явуулын амбулатори нь 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр хөдөллөө.
Тэднийг Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа Б.Энх- Од, штабын дарга дэд хурандаа Б.Ганболд нар гарган өгч хүн ардыг эрүүлийг хамгаалах их үйлсэн нь амжилт хүсэж аян замдаа саадгүй сайн явхийг хүслээ.
       Тус бүлэг энэ удаад Зэвсэгт хүчний 256 дугаар ангиас урьдчилан сэргийлэх, эрт ажлаа эхлэх бөгөөд нийт 2 сарын хугацаанд Өвөрхангай, Баянхонгор, Говь- алтай, Увс, Завхан зэрэг баруун 5 аймагт байрлах Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, тэний гэр бүлийн гишүүд, цэргийн тэтгэвэр чөлөөндөө гарсан ахмад дайчдаас гадна нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлнэ.
       Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт явуулын амбулаторийн нэг бүлэг 22 эмч сувилагч ажилтан алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 21 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэх бөгөөд хаана байгаа газар нь дараагийн бүрээлдэхүүн очин ээлж хүлээлцэх зарчмаар 2 сарын турш 5000 иргэдэд хүрч ажиллана.
Энэ хугацаанд Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан алба хаагчид маань хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог оновчтой, хүнд ээлтэй, нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлнэ. Түүнчлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хүн амыг хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
        Ташрамд, Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин, эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм. Тодруулбал, 18 наснаас дээш бүх иргэдэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг явуулын амбулаторийн үйлчилгээг үзүүлэх юм.
       Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулна.
       Эдгээр тогтоол, тушаалын дагуу иргэн бүрийг жилд 1 удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар зохицуулсан бөгөөд насанд хүрэгчид насны бүлгээс хамаарч үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, "зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ", "лабораторийн шинжилгээгээр: биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, өлөн үеийн глюкоз, өтгөнд далд цус илрүүлэх, ПАП сорил, гепатит В, С, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил", "багажийн шинжилгээгээр: зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн хэт авиан шинжилгээ хийлгэж, эмчийн үзлэг, дүгнэлт, зөвлөгөөг авахаар товлосон.
Харин 0-17 насны хүүхэд мөн насны бүлгээс хамаарч үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, "Хүүхдийн сэтгэхүйн хөгжил болон сэтгэц, зан үйлийн эмгэг, сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ”, "эмнэл зүйн үзлэгээр: биеийн хэмжилт, өсөлт, хөгжлийн үнэлгээ, нүдний хараа шалгах, амны хөндийн эрүүл мэнд”-ийн үзлэг хийж, дүгнэлт, зөвлөгөө авах боломжтой.
       Иргэд дараах 6 насны бүлгийн багцын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байгаа юм.
Үүнд:
1. 0-5 насны багц
2. 6-17 насны багц
3. 18-30 насны багц
4. 31-45 насны багц
5. 46-60 насны багц
6. 61-ээс дээш насны багц
0-17 насны хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдах бөгөөд насанд хүрсэн даатгуулагчийн хувьд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн урилга, зохицуулалттайгаар эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас сонгох байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22