Хүүхэд бүрд мөнгө гэдэг бодлого орхигдож, үхэр бүрд ээмэг болж өөрчлөгдлөө. Хүүхэд бүрд өгөх мөнгө байхгүй гэж Монголын үрсийн 9 хувийг нь хассан. Хувийн 5,5 сая үхэр бүрд ээмэг зүүх мөнгө бас байхгүй. Өгье гэвэл аргаа олно, өгөхгүй гэвэл шалтгаа олно. Дэлхийн банкнаас 13 тэрбум төгрөг зээлж өр тавиад үхэр бүрд ээмэг зүүнэ. Улсын үхэр байхгүй боловч улсаараа өр тавина. Хүнлэг энэрэнгүй гэхээсээ үхэрлэг ээмэгжүү Үхэр Монгол нийгэм байгуулах гээд байна уу? Хувийн мал гэж байхгүй шахам, бүгдийг нь нийгэмчилсэн, нэгдэл нэртэй улсын малтай байсан хуучин нийгмийн сүнс сэрлээ.
Сайд Х.Болорчулуун “Мал эрүүл бол хүн эрүүл” гэж алдарт үгээ хэлсэн байна. Зарим талаар мал эрүүл бол хүн эрүүл гэдэг нь үнэн ч энд эрэмбэ дарааллыг юу гэж ойлгох вэ? Эхлээд мал, дараа нь хүн гэсэн дараалал байна.
Хувийнхаа мөнгөөр хувийнхаа малаа ээмэгжүүлсэн тохиолдол олон. Харин үүнийг сайд Х.Болорчулуун янз янзын ээмэг зүүсэн нь буруу гэлээ. Түүнийхээр бол улсаас нэгдсэн нэг загвараар улс өр тавьж байгаад ээмэгжүүлэх нь л цорын ганц зөв юм байна. Хувийн ээмгийг нь мулт татаж аваад улсынхаар солих юм байна. Яагаад гэвэл 13 тэрбумын өр тавих нь л илүү чухал байна. Ээмэгтэй хонь зөндөө байдаг шүү дээ гэсэн хүмүүсийн шүүмжлэлд сайд Х.Болорчулуун “Бод малаа эрүүлжүүлэх бодлого барьж байгаа гэж хариулав. Өөрийнхөө хэлсэн “Мал эрүүл бол хүн эрүүл гэдэг үгээ засаж “Бод мал эрүүл бол хүн эрүүл. Харин бог мал өвчтэй бол хүн эрүүл” гэмээр байна.
Мал ээмэгжүүлэх буюу индексжүүлэх нь махаа эскпортлох, эрүүл болгоход чухал уу гэвэл чухал. Гагцхүү ээмэг нь ид шидтэй эд биш. Ээмэг зүүнгүүт үхэр мал эрүүл тарган болоод л, гадаадынхан шүүрхийгээр шүүрэн авч захиалаад, бөөн бөөн доллар орж ирэхгүй. Бүхэл бүтэн тогтолцоо хэрэгтэй юм.
АДМИН







Нийгэм







