Dark Light
Нийгэм | 2023-02-20

Битүүлэх ёсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Битүүлэх ёсон

Билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдрийг битүүн гэх бөгөөд хуучин оныг үдэж, шинэ оныг угтах олон зан үйлийг энэ өдөр үйлдэнэ. Битүүний өдөр хуучин онд эхэлсэн аливаа ажлыг гүйцээх заншилтай, дуусгаж амжхааргүй ажлыг ч хэдэн хэсэг хувааж нэгэн хэсгийг нь ч гүйцээсэн байх хэрэгтэй гэдэг. Гэрийн эзэн битүүний орой нар шингэх үест гэрийнхээ баруун тотго дээр мөс тавьж, зүүн тотго дээр харгана мэт өргөстэй мод эсвэл гурван хомоол тавина. Түүний дараа гэртээ орж шаант чөмөгний мах идэж ясыг тун сайн мөлжөөд 

“Битүү гаргах уу'' гэж асуухад гэрийн доторх бүх хүмүүс 

“Битүү гаргая, гаргая'' гэж хариулна. Гэрийн эзэн шаант чөмгийг ташиж 

“Битүү гарлаа'' гэж хэлсний дараа гэрийнхэн хоорондоо насны эрэмбээр 

“Тавтай сайхан битүүлж байна уу'' гэж мэндэлцгээж, гэрийн эзэн юмуу эсвэл ахмад настан ууц таллан идээний дээж амсан хишиг түгээж гэрийнхэн бүгдээр хоол, цай идэж уун ёслол үйлддэг.

Хүү, бэр,охин, хүргэн садан төрлүүд битүүний өдөр эцэг, эх өндөр настандаа очиж битүүний мэндийг мэндэлцгээж битүүний  бэлэг хүргэлцэнэ. Битүүний өдөр айл зэргэлдээ хүмүүс ч харилцан битүүлж айлчлах ба ихэнх айлууд битүү хоол солилцдог байна. Айл бүхэн битүүлгийн идээ шүүс засаж, бүтэн хонины шүүсийг тэвш царанд хийж хэвтээ хонины маягаар бэлтгэнэ. Дээр нь хонины толгойг шар тос,цагаан идээ, чихэр, чавгаар оройг нь чимэглэн тавина. Битүүний зочин шүүс идээний дээрх цагаан идээнээс анхлан хүрч дээжлээд шүүснээс халимлан хүрдэг. Битүүний орой харилцан битүү хоол солилцохыг  

“Гал зөрүүлэх” гэж хэлдэг байна. Эрт үед битүү хоолны хамт манасан гал хүргэдэг байжээ. Одоо ч гэсэн түүний улбаагаар битүү хоолныхоо дээр гурван хүж асаах эсвэл зул солилцдог заншлууд уламжилж иржээ.

2. Мал сүргээ битүүлэх ёсон:

Битүүний орой адуунаас бусад малыг гэрийнхээ гадна хурааж хотлуулдаг. Хээр гадаа эсвэл бусад айлын малтай хонуулахыг цээрлэнэ. Мал сүргээ бүртгэж, үдэш болоход хот хороогоо нар зөв тойруулан сан утлагаар ариулдаг байна.

3. Багаж хэрэгсэл битүүлэх ёсон:

Битүүний орой өөрийн хэрэглэдэг багаж хэрэгслийг арчиж, зүлгэж хайрцганд хийж нямбайлан тавина. Уур, нүдүүрээ цэвэрлэж уурандаа будаа дүүргэх ба нум сумаа зүлгэж таван өнгийн хадаг зүүж тосоор мялаах заншилтай.

4. Ном судар битүүлэх ёсон:

Өвөг дээдсээс уламжлан ирсэн судар ном, гэр бүлийн ургийн бичиг, намтар цадиг, тайлга тахилгын судар, зурхай үзлэгийн дэвтэр , түүнчлэн бийр , бэх, цаас зэрэг бичгийн хэрэгслүүдээ битүүний өдөр эмхэлж арчин цэвэрлэдэг. Баринтагтай ном судрыг бол урьдаар хүж асаан зул өргөж, гараа угааж ариулаад баринтагийн задалж  гарын аяаар хэд хэдэн хуудсаар эргүүлэн уншиж, тоос шороог нь буулгаад урьдын хэвээр нь баринтаглаж зална. Ном,  судар, бичгийн хэрэгслийг эмхэлж зассаны  дараа дээр нь хадаг өргөж тохоод өмнө нь хүж, зул өргөж тавагтай идээ тавьдаг байна. Үүнийг ном судар битүүлж байна гэдэг. Битүүлсэн ном судраа дураараа хөдөлгөж  задалж болохгүй. Шинэ сарын дараа сайн өдрийг сонгож судар номоо  задалж эхлэн уншина.

5. Эм битүүлэх ёсон:

Монгол эмч нар шинэлэхээс өмнө уут, туламтай эмүүдээ эмхлэн засч эмийн манхагтаа 

нямбай хийж амын уяж бооно. Тунгийн халбага, боолт цаас, хануур төөнүүр зэрэг хэрэглэлийг нямбай эмхлэн засна. Эмийн уут, манхагийнхаа дээр хадаг тохож, өмнө нь хүж зул барин идээ таваглан тавина. Үүнийг эм битүүлэх гэдэг. Битүүлсэн  эм танг дураараа хөдөлгөхгүй.Шинэ жил гарсны дараа сайн өдрийг сонгон зул хүж өргөж байгаад нээдэг.

6. Зүү, утас битүүлэх ёсон:

Битүүний өдөр бүсгүйчүүд оёдол үйлээ дуусгасны дараа зүү утас, хайч, шөвөг зэрэг оёдол үйлийн багаж хэрэгслийг эмхэлж цэгцлээд үйл утасны хайрцагтаа хийнэ. Дараа нь үйл утасны хайрцагаа арц, хүжээр ариулан хүндэтгэнэ. Үүнийг зүү утас битүүлэх гэнэ.

Шинэ жил гарсны дараа сайн өдрийг сонгон арц хүжээр ариулж байгаад зүү утасны хайрцагаа нээж оёдол үйлээ эхэлдэг байна.

7. Хийморь шинэтгэх ёс:

Цагаан сараас өмнө айл бүр өлзий бэлгэтэй сайн өдрийг сонгож хийморийн дарцгаа шинэтгэх буюу эсвэл шинэ хийморийн дарцаг хийсгэнэ. Хийморийн дарцгаа шинэтгэн хийсгэвээс шинэ ондоо хийморь цогтой, ажил үйлс бүтэмжтэй байна гэж үздэг.

8. Бурхандаа тахил идээ өргөх ёс:

Сар шинээс өмнө айл бүр бурхан шүтээн, судар номынхоо тоосыг буулгаж , тахилын ширээ, гүнгэрваа зэргийг арчиж цэвэрлэнэ. Энгийн үед далд тахидаг бурхнаа ч ил гаргаж хадаг тохож, бурхныхаа өмнө идээ таваг засаж зул хүж, усан тахил тэргүүтнийг өргөнө. Энэхүү бурхан шүтээнээ дэлгэж тахил идээ өргөх нь цагаан сарын чухал нэгэн утга агуулга юм. Учир нь цагаан сараар шинэлэхээр ирсэн зочид ''Бурханд мөргөж, бууралд золгохоор ирлээ'' хэмээн айлд орохдоо юуны өмнө бурхан шүтээнд нь мөргөж адис авдаг ёсон бий.

​9. Ээдрээ тайлах ёсон:

Сар шинээс өмнө бусдыг гомдоосон, бусадтай ам зөрсөн гомдол, хорсол, өш хонзон зэрэг сэтгэлийн ээдрээ зангилааг ярилцан тайлдаг заншилтай. Хүмүүс хоорондоо үл ойлголцон хэрэлдэх, маргалдах цаашлаад өш хонзон санах зэрэг сэтгэлийн ээдрээг жил дамнуулан өнжүүлэхийг цээрлэдэг. Сэтгэлийн ээдрээ зангираатай шинэлбэл урхаг өвчин, уршиг саад учирна гэж үзнэ. Иймээс сар шинээс өмнө хэнтэй, хэдийд маргасан, гомдоосон, ёс алдсан зэргийг эргэн тунгааж тэр хүнтэйгээ уулзаж хөөрөг зөрүүлэн ''хуучин жилийн ээдрээ тайлъя'' гэж хэлдэг байна. Нөгөө хүн ч найрсагаар хариу амар мэндийн үг ярилцана. Үүнээс хойш хуучин жилийн явдлыг дахин сөхөж ярьдаггүй, шинэ ондоо харилцан зочилж  эвлэрч нөхөрлөдөг байна.                                            

10. Хувцас чимэглэлийн бэлтгэл:

Цагаан сараар шинэ хувцастай шинэлбэл  өнгө зүстэй, цог жавхаатай явна гэж үздэг. Ялангуяа цэвэр, бүтэн хувцастай шинэлэхийг  эрхэмлэнэ. Иймээс ч монголчууд хувцас, гоёлынхоо ихэнхийг цагаан сардаа зориулан бэлтгэдэг юм.

11. Идээ ундааны бэлтгэл:

Сар шинээр идээ, ундаа элбэг дэлбэг байвал шинэ жилдээ хишиг буян арвинтай байна гэдэг. Цагаан сарын идээ ундааг зочдын идээ ундаа, тахилын идээ ундаа, хувь бэлгийн идээ ундаа, шинэлэх идээ ундааг гэх зэрэг олон төрлөөр бэлтгэдэг байна.

Буурал жил морилж

Буянтай жил ирлээ

Өвгөн жил морилж

Өлзийтэй жил ирлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19