Уул уурхай, байгаль орчин, технологийн салбарт Монгол Улс болон Канадын компаниудыг холбох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх түүхэн платформ бүрдэв.
Монгол Улс болон Канад Улсын хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчдыг холбосон нэгэн чухал үйл явдал боллоо. 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) болон Канад Евразийн Бизнесийн Альянс (КЕБА) хамтын ажиллагааны Санамж бичигт (MoU) албан ёсоор гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь Монгол, Канадын бизнес эрхлэгчдийн хооронд илүү нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдээлэл солилцох үндсэн суурь тогтолцоог бүрдүүлж байгаа юм.
Тогтвортой худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлнэ
Уг Санамж бичгийн гол зорилго нь хоёр улсын хоорондох тогтвортой бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, бэхжүүлэх, өргөжүүлэхэд чиглэж байна. Талууд дараах тэргүүлэх салбаруудад харилцан ашигтай хамтран ажиллахаар тохиролцжээ:
-
Уул уурхай, ашигт малтмалын хайгуул
-
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт
-
Газар ашиглалт, менежмент
-
Шинжлэх ухаан, орчин үеийн дэвшилтэт технологи
-
Түүнчлэн талуудын харилцан сонирхсон бусад эдийн засгийн чиглэлүүд.
Санамж бичгийн хүрээнд МБЗ болон КЕБА нь өөрсдийн гишүүд болон бизнесийн сүлжээ хоорондын холбоог бэхжүүлэх, бизнесийн орчин, салбарын хөгжил, санхүү болон макро эдийн засгийн мэдээллийг тогтмол солилцохоор болсон байна. Мөн хоёр талын бизнесийн түншлэл, мэргэжлийн болон технологийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжинэ.
Хамтарсан форум, бизнес аялал зохион байгуулна
Хоёр байгууллага Монгол, Канадын худалдааны харилцааг шинэ шатанд гаргахын тулд хамтарсан бизнес форумууд, олон улсын бага хурлууд, бизнес аялал (Business missions) зэрэг олон төрлийн бүтээлч санаачилгуудыг хамтран зохион байгуулах боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийлэв.
Уг түүхэн баримт бичигт Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Цэвэгмидийн Түмэнцогт болон Канад Евразийн Бизнесийн Альянсын Ерөнхийлөгч хатагтай Татьяна Домиловская нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Энэхүү түншлэл нь хоёр орны бизнесийн хүрээнийхэнд харилцан оролцоог нэмэгдүүлэх, шинэ зах зээл, шинэ хөрөнгө оруулалтын үүд хаалгыг нээхэд онцгой хувь нэмэр оруулах юм.
ТАТАР МАЙДАР
)






Эдийн засаг




