Dark Light
Нийгэм | 2026-09-19

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ИЙН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81-Р ЧУУЛГАНД ОРОЛЦОНО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.

Энэ жилийн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ.  

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч мөн АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй Чикаго хотноо уулзана.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 133 улсын төр, засгийн тэргүүн оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Манай улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй.  Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг.

НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна.

Өнгөрсөн жил НҮБ 80 жилийн ойгоо тохиолдуулан Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулжээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19