Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс баярын өдрүүдийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар ЦЕГ-ын газрын урьдчилан сэргийлэх газрын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа О.Одонбаатар мэдээлэв.
Цагдаагийн байгууллагаас шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд гарсан гэмт хэргийн дуудлага мэдээллийн талаарх мэдээллийг хүргэе. Дээрх өдрүүдэд улсын хэмжээнд нийт 6036 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 247, зөрчлийн шинжтэй 3330, зам тээврийн ослын шинжтэй 2459 дуудлага мэдээлэл ирсэн байна. Хүлээн авсан дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 125 буюу 2.1 хувь, гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл нь 13 буюу 5.6 хувь, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 258 буюу 11.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 146 буюу 4.2 хувиар буурчээ. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг хэргийн өнгөөр нь авч үзвэл хүний амь нас хохирсон хэрэг өмнөх онд 35 бүртгэгдэж байсан. Харин энэ онд 48 бүртгэгдсэн буюу 37.1 хувиар өссөн байна. Дээрэмдэх гэмт хэрэг нэг бүртгэгдэж байсан бол энэ онд гурав бүртгэгдсэн буюу 3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хулгайлах гэмт хэрэг өмнөх онд 63 бүртгэгдсэн бол энэ онд 47 бүртгэгдэж, 25.4 хувиар буурчээ. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг 50 бүртгэгдсэн бол энэ онд 62 болж 22 хувиар өсчээ. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 4 бүртгэгдэж байсан 9 болж, 2.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 13 байсан бол энэ онд 15 бүртгэгдэж, 15.4 хувиар өслөө. Үүнээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг энэ онд бүртгэгдээгүй. Нөгөө талдаа гэмтсэн иргэдийн тоо 16 буюу өмнөх оноос 23.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зөрчлийн шинжтэй нийт дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар буурсан. Энэ дундаас эрүүлжүүлэгдсэн хүн 425 буюу өмнөх оноос 109 хүнээр 20.4 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдийн тоо мөн буурсан. 53 буюу 25.2 хувиар буурчээ. Энэхүү баярын өдрүүд гэдэгт 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийг хамруулан хэлж буйг тодруулъя.
Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Шинэ жилийн баяраар Ерөнхийлөгчийг үг хэлэхэд олон нийтийн сүлжээнд ёс бус үйлдэлтэй зураг, бичлэг нийтлэсэн иргэдийг Зөрчлийн хуулиар шалгаж байгаа гэсэн. Хэдэн хүнийг шалгаж байгаа вэ. Ерөнхийлөгчийн тухай хуульдаа юу гэж заасан байдаг вэ. Энэ талаар гомдол мэдээлэл ирсэн үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлэх үеэр зарим иргэдээс өөрийн хийсэн бичлэг, зургаа цахим орчинд түгээсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд иргэн бусдын нэр төр, алдар нэр, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй байх, олон нийтийн аюулгүй байдал нийгмийн хэв журмыг гажуудуулах үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй. Дээрх үүргээ зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлд заасны дагуу иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хууль зүйн зохицуулалттай байдаг. Энэ хуулийн дагуу олон нийтийн сүлжээнд тархсан зураг, бичлэгийг шалгасан. Шалгалтыг явуулж, дээрх хуулиудын дагуу зохих журмаар зарим дуудлага мэдээллүүдийг шийдвэрлэсэн. Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, түүний баталгааны талаар зааж өгсөн. Мөн хуулийн 30 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл хэмээн заачихсан. 36 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Ерөнхийлөгчийн бие, нэр төр, ордон өргөө, унаа халдашгүй дархан байх эрхтэй гэж заасан байдаг. Үүний дагуу иргэн үзэл бодлоо илэрхийлэхдээ хуульд зааснаар бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандаж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж, уриалж байна. Зөрчлийн хуулийн дагуу гурван хүнд хариуцлага тооцсон. Олон нийтийн анхаарлыг татсан хэргүүдэд иргэний өөрийн гомдлоор болон хуулийнх нь дагуу шийдвэрлээд явдаг. Энэ талаар гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй. Хувь хүн болоод ЕТГ-аас ямар нэгэн гомдол гаргаагүй.
-Баярын өдрүүдэд хүүхэд холбогдсон гэмт хэрэг бүртгэгдсэн үү. Хүүхдийн хараа хяналт хэр байв?
-Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлэн нийт алба хаагч 24 цагаар ажилласан. Энэ хүрээнд шинэ жилийн баярын өдрүүдийн гэмт хэргийн дуудлага мэдээлэл буурсан эерэг үзүүлэлттэй гарсан. Мөн цагдаагийн байгууллагаас иргэддээ хандсан салют, бенгалын гал зэрэг зүйлсээс гэмтэж бэртэхээс сэргийлэх мэдээ, танилцуулга, шторк, постеруудыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран явуулснаар энэ төрлийн гэмт хэрэг энэ жил бүртгэгдээгүй эерэг үзүүлэлттэй байлаа. Хичээл сургууль амарсантай холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
С.ОТГОНБАЯР
АДМИН







Нийгэм




