Түргэн тусламжийн эмч дуудлагаар айлд очих үед дуудлага өгсөн айлын хүн хутга барин дайрч, эмч цонхоор үсрэн хөлөө хугалсан гэх мэдээлэл үнэн талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн санал гомдлын хэлтсээс тодруулсан. Харин талаар Эрүүл мэндийн яаманд Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс тайлбар гаргаж өгчээ. Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн тус тайлбарыг хүргэж байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төв тайлбар гаргах нь:
2024 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Төв нь нийслэлийн зургаан дүүргийн иргэдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх түргэн тусламжийн үйлчилгээг 24 цаг тасралтгүй үзүүлэн, хоногт дунджаар 1600-1800 дуудлагад түргэн тусламжийн 50 баг үйлчилдэг.
2023 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 04:50 цагт тус төвийн Баянзүрх дүүргийн салбарт “БЗД-ийн 16 дугаар хороонд 47 настай эрэгтэй хүн даралт ихсээд” гэх утгатай дуудлагын дагуу түргэн тусламжийн баг /эмч, жолооч/ дуудлагад очсон. Тус төвийн үйл ажиллагааны “Түргэн тусламжийн баг дуудлагад үйлчлэх” журмын дагуу эмч тусламж үйлчилгээ үзүүлэхээр очтол “50 орчим насны эрэгтэй хүн цонхны тавцан болон шалны хивс доороос хоёр хутга гаргаж, эхнэр хоёр хүүхэд болон эмч рүү дайрсан тул дуудлагын эмч нэг давхрын цонхоор үсэрч гарсан” байна. Дуудлагын эмчийн баруун хөлний өсгийн яс цууралттай, гэрээр эмчлүүлж байна.
Мөн тус журамд “Эмнэлгийн тусламжийг үзүүлэх шаардлагатай үед нэмэлт баг дуудах, ар гэр болон жолоочийг туслагчаар сонгож ажиллана” гэж заасан байдаг бөгөөд уг тусламж үйлчилгээ нь “Даралт ихсээд” гэх утгатай, яаралтай бус дуудлага байсан тул дуудлагад дээрх аюултай нөхцөл байдал үүсэхийг урьдчилан харах боломжгүй тул эмч тусламж үйлчилгээг үзүүлэхээр орсон.
Осол гэмтэл, төрөх, гэрийн тэжээвэр амьтанд хазуулах эрсдэлтэй газар, үзэгдэх орчин хязгаарлагдмал орчинд тусламж үйлчилгээ үзүүлэх гэх мэт зайлшгүй нөхцөлд жолооч тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлж багаар ажилладаг.
2022 онд ажилчдын аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд эмч нарыг энгэрийн камераар хангахаар “Эмч нарын энгэрийн камер худалдан авах” ажиллагааг төлөвлөсөн боловч хууль эрх зүйн зохицуулалт байхгүй тул хойшлуулсан.
“Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн 27.4-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 27.3-т заасны дагуу дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах болон бичлэгийг ашиглахад дараах үйл ажиллагааг хориглоно:
27.4.1 ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах: гэж заасан бөгөөд эмч нарыг энгэрийн камераар хангах, аюулгүй хэрэгслээр тоноглох эрх зүйн зохицуулалт алга байна.
Түргэн тусламжийн үйлчилгээнд явж буй нийт автомашинууд нь байршил тогтоогч системд 2022 онд бүрэн холбогдсон бөгөөд тухайн системээр түргэн тусламжийн багийн байршлыг цаг, минут, секундын нарийвчлалтайгаар байршлыг тогтоох боломжтой байдаг бөгөөд тухайн байршлыг ээлжийн ахлах эмч хянаж ажилладаг.
ЭМЯ-наас дээрх тайлбарыг ирүүллээ. Энэ мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулав.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, хошууч Б.Дэлгэрхангай “БЗД-ийн 16 дугаар хороонд 2023 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн үүрийн 04:50 цагийн орчимд болсон үйл явдал. Тухайн үед эмч цонхоор үсэрсний дараа биед ямар нэгэн сөрөг зүйл илрээгүй тул цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол мэдээлэл гаргаагүй юм байна. Үүнээс хэд хоногийн дараа эмчийн хөл гэмтсэн нь мэдэгдсэн тул цагдаагийн байгууллагаас хэргийг бүртгээд, шалгаж эхэллээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн I хэлтсээс шалгаж байгаа. Тухайн үед хутга барьж дайрсан гэх этгээдийг эрүүлжүүлэх байр руу цагдаа нар авч явсан байна” гэх тайлбарыг өглөө.
С.ОТГОНБАЯР
АДМИН







Нийгэм




