Dark Light
Нийгэм | 2024-01-04

Монгол генерал анх удаа НҮБ-ын цэргийн хүчний командлагчаар томилогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НҮБ-аас Аюулгүйн зөвлөлийн 2674 мандатын хүрээнд Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж байгаа (The Mission of UNFICYP) энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчийн өндөр хариуцлагтай албан тушаалд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат томилогдлоо. 

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас олон орноос нэр дэвшсэн офицеруудын дунд хэд хэдэн үе шаттай, өндөр шалгуур (Мэргэжлийн ур чадвар, англи хэл, манлайлах ур чадвар, ажиллагааны туршлага, нөхцөл байдлыг үнэлэх чадвар, шийдвэр гаргалт, сэтгэн бодох чадвар гэх мэт)-тай сонгон шалгаруулалт явуулсны эцэст Б.Эрдэнэбат генералыг сонгож, санал оруулжээ. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Маниуэль де Гутерриш гарын үсэг зурж баталгаажуулснаар Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны 22 жилийн түүхэнд анх удаа монгол генерал НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ийнхүү томилогдож байна. 

Ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байхдаа бригадын генерал хэмээх эрхэм цол хүртэж байсан анхны офицер тэрээр 2013 онд АНУ-ын Агаарын хүчний “Команд штабын коллеж”, 2017 онд АНУ-ын Хуурай замын “Дайны коллеж” тус тус төгсөн 1996 оноос Зэвсэгт хүчний анги, салбаруудад бүх шатны албан тушаалыг хашиж, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтэс, Байлдааны дэмжлэг, хангалтын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний цэргийн ажиллагаа, сургамж судалгааны төвийн дарга, 2020 оноос Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын даргаар ажиллаж байгаа юм. Ирак, Сьерра Леон, Косова, Судан, Бүгд Найрамдах Өмнөд Судан зэрэг улсад Ажиллагааны офицерын туслах, Оперативын дарга, Багийн захирагч, Цэргийн ажиглагч, Секторын штабын дарга, Секторын командлагч зэрэг албан тушаалд нийт 8 удаа үүрэг үүрэг гүйцэтгэсэн тэрээр Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, НҮБ-ын медаль I, II, III медаль, Бельгийн Вант Улсын медаль, НАТО-ийн медалиудаар тус тус шагнагдаж байжээ. 

Бүгд Найрамдах Кипр Улс дахь НҮБ-ын UNFUCYP ажиллагаа нь өнөөдөр НҮБ-аас явуулж байгаа 12 энхийг сахиулах ажиллагааны нэг юм. Кипр нь Газар дундын тэнгисийн 3 дахь том арал бөгөөд 1960 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо тунхагласан. Грек, Турк хоёр үндэстэн зонхилон суудаг 9251 хавтгай дөрвөлжин км нутагтай, 1.2 сая хүн амтай тус улс өмнөд ба хойд хэсэгт хуваагдан сөргөлдөөний байдалтай байдаг аж. 2004 онд Европын Холбооны гишүүн болсон тус улсад 1964 оноос НҮБ цэрэг байршуулан өнөөдрийг хүрсэн бөгөөд Б.Эрдэнэбат генерал Хүчний командлагчаар томилогдсон анхны ази хүн болж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19