Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвөөс тавьсан хүсэлтийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар тус төвийн үйл ажиллагаатай нь танилцан санал солилцлоо.
Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин тогтмол ажлын байр бий болгох зорилгоор 2007 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн нөхөн сэргээлтийн үйлчилгээг ажлын байранд бэлтгэх замаар хөдөлмөрийн зах зээлд гаргах, сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, аж ахуй эрхлэлтийн сургалт, мэдээлэл зөвлөх үйлчилгээг үзүүлдэг ашгийн бус хөдөлмөрийн байгууллага юм.
Уулзалтад бизнес инкубатор төвд харьяалагддаг “Гартаам өнгөт чулуу урлан” ХХК-ийн захирал Б.Батбаяр, “Уянгын гурван эрдэнэ” ХХК-ийн захирал Б.Батзул, “Үүрийн сэргэг” ХХК-ийн захирал Б.Болормаа, “Морьт Хас” ХХК-ийн захирал Д.Бат-эрдэнэ, Чингэлтэй дүүргийн ХБИ-ийн холбоо”-ны тэргүүн Б.Мөнхцэцэг болон “Хөгжлийн бэрхшээлтэй ахмадын холбоо”-ны тэргүүн Я.Алтанзагас зэрэг хувиараа аж ахуй эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцсон юм. Тэдний зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн төсөл, хөтөлбөр, дэмжих арга хэмжээ болон санхүүгийн дэмжлэгт хамрагдсан нь бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг болсон гэдгийг онцлон хэлж байв.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүсгэн байгуулсан үйл ажиллагаа нь тогтворжсон болон улирлын чанартай ажил гүйцэтгэдэг байгууллагад санхүүгийн зээлийг түргэн шуурхай олгодог байвал бидэнд маш том дэмжлэг болох бөгөөд олон хөгжлийн бэрхшээлтэй залуусыг ажлын байраар хангах боломж бүрдэх тул анхаарах, өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнийг гаднын улс оронд сурталчлах, худалдааны шинэ суваг нээх, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгох зээлд ХБИ-ийг хамрагдах боломжийг бүрдүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг хүссэн.
Дэд сайд С.Зулпхар "Бид өнгөрсөн оны 11 дүгээр сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох зээлийн шалгуур, нөхцөлийг бий болгон журамдаа өөрчлөлт оруулан ажиллах тухай саналыг хүргүүлсэн. Мөн боломжит бүх байдлаар дэмжиж ажиллахаа мэдэгдэн ойрын хугацаанд банкны төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж, саналыг уламжилна, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр болон Хөдөлмөрийн тухай хуулийг сурталчлах хүрээнд зохион байгуулж байгаа бүхий л сургалтад Бизнес инкубатор төвийн боловсруулсан сургалтын агуулгыг оруулах зэргээр хамтран ажиллана" гэлээ.
Түүнчлэн тус төвийн нэг онцлог нь Share office болгон ажилладаг сайн жишээний нэг байсан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт бэлтгэх “Дадлагын ажлын байр”-ыг тусад нь ажиллуулдаг юм байна.

АДМИН








Нийгэм




