Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл болгож Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн цацраг хими биологиос хамгаалах экологийн албаны химичин жолооч ахлах ахлагч Б.Өлзийсайханыг урьж ярилцлаа.
Тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын баталгаа болсон Зэвсэгт хүчиндээ би тасралтгүй 20 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. Миний хувьд 2002 онд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн коллежийг химичин-аврагч мэргэжлээр төгссөн. Одоо нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Манай цацраг, хими, биологиос хамгаалах экологийн алба маань үндсэн үүргийнхээ дагуу сургалт, бэлтгэлийг тасралтгүй зохион байгуулж явуулахаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд 5 төрлийн 3000 ширхэг мод, бут, сөөгийг үрслүүлэн бойжуулж, суулгац тариалж ажилласан. Хэдийгээр үндсэн ажил, мэргэжил маань химичин-аврагч боловч Зэвсэгт хүчинд кино радио-механикч, жолооч албан тушаалд нийт 11 жил ажилласан. Одоо ч соёл хүмүүжлийн албандаа кино радио-механикч, жолооч албан тушаалыг орлон гүйцэтгээд ажиллаж байна. Бие бүрэлдэхүүнийг соён гэгээрүүлэх, хамт олны авьяас чадварыг нээн хөгжүүлэх, оюуны болон соёлын эрэлт хэрэгцээг хангах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, урлаг соёл, олон нийтийн ажлыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулж, үр дүнгээ үзэх үнэхээр сайхан байдаг. Ер нь соёл хүмүүжлийн ажил гарт баригдаж, нүдэнд харагдахгүй ч хүний зүрх сэтгэл, оюун санаанд хүрч баяр баяслыг арилшгүй тодоор үлдээдэг нь сайхан.
Манай гэр бүлийн хувьд аав, ах, дүү гээд удам дамжсан цэргийн хүмүүс. Миний аав бэлтгэл дэд хурандаа Ц.Банзрагч гэж хүн бий. Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайхны төлөө халуун, залуу насаа зориулсан гэр бүлээрээ бахархаж, тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлэн нэр төртэй авч явахыг хичээдэг дээ. Үүнийг өндөр хариуцлага хийгээд маш том бахархал гэж ойлгодог.
Улиран одож буй 2023 он манай гэр бүлийн болон миний хувьд их онцлогтой жил болж өнгөрлөлөө. Зэвсэгт хүчний хоёр хороонд сэлгэн ажиллаж тал хээрийн Дорнод, хангайн бүсийн Орхон аймагт ажил, амьдрал өрнөсөн жил байв. Ирэх ондоо ололт амжилтаа улам бататгаж, залуу хойч үедээ сурсан мэдсэн зүйлээ харамгүй зааж, залгамж халаагаа бэлтгэхэд өөрийн нөөц бололцоогоо бүрэн дайчлан ажиллана.
Эх сурвалж: "СОЁМБО" СОНИН, ДЭСЛЭГЧ Т.ИДЭР
АДМИН








Нийгэм




