Dark Light
Нийгэм | 2024-01-07

Жалганы атаман, довын ноёдод халгаатай сонгууль

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дөрвөн жил тутамд нэг хэсэг нь хуурахаа мэддэг, нөгөө хэсэг нь хуурагдахдаа ч мэддэг сонгуулийн жил эхэлж байна. Сонгуулийн дараа худлаагаас үнэн ярьдаг байсан бол сонгуулийн өмнө үнэнээсээ худлаа ярьцгаадаг цаг үедээ орлоо.  

УИХ-ын сонгуулийн 76 тойргийг томруулж 13 болгон бүсчилсэн нь жалганы атаман, довын ноёдод тун халгаатай байна. Үзэл санаа, өөрийн чадлаар бус өнгө мөнгө, боодол өвс, поошиг бидон, бух хуц, бүр ойр хавьдаа нөлөөтэй гэсэнд нь мотоцикл хүртэл өгч хахууль цутгаж гишүүн болдог хүмүүсийн төсөв зардал 3-4 дахин өслөө, хууль журам нь ч чангарлаа.  

Тойрог нь томсохын хэрээр том улс төр хийж, том бодлого ярьж, томоор харахын оронд дэвжээндээ багадсан, дээл нь томдсон улс төрчид хуучин жалганыхаа хэрээр сэтгэж, довынхоо зиндаанд харсан хэвээрээ байна.

Дарханаас нэг удаад сонгогдсон Г.Дамдинням гэдэг залуу тойрогтоо байдаг ах дүүдээ бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө бариад золговол сонгогчдыг татсан хэрэгт орох уу гэж асуугаад ам руугаа алгадуулж, бусдынхаа инээдийг хүргэж, элэг доог болов. Тойрогт нь амьдардаг ойр төрлийн ах дүү нартаа бэлэн мөнгө бариад золгоход нь тэд нар нь бичиж баримтжуулж авах уу? Ах дүүдээ итгэхгүй байна уу, хамаатан садан нэрээр хамаагүй олон хүнд золгох гээд байна уу? 

Г.Дамдиннямын хоёр талын, эсвэл хадмын хоёр талын хамаатны хүүхдийн нөхрийн дүүгийн эхнэрийн эгчийн ахынх нь үеэл, түүний хаяалынх нь базын нагацын авга гээд үргэлжилбэл Дарханыхан бүү хэл, монголчууд бүгдээрээ л садан төрөл болчихно. Дархан, Төв, Сэлэнгэ аймаг нэг тойрог болсон тул яаж ийгээд төөрсөөр төрлөө олж, хайсаар хамаатнаа илрүүлж, бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгөөр золгосон ч баригдана даа, баригдана.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19