Хөл дүүжлэх хэдэн автобус мөнгөө төлөөд худалдаж авах гэсэн биш улсаараа уурлаж, хотоороо хохирсон хэрэг явдал гэмт хэргийн олон ангит кино шиг үргэлжилж байна. Ёр билэг гэж хэцүү. Саарал автобуснууд Бээжингээс хөдөллөө шүү гэдэг зурагт ногоон автобус санаандгүй цухуйсныг нэгийг сануулж, нөгөөг нь бодууллаа.
Хуучин ногооноор ардын дайснууд илэрсний ачаар хятад саарлаар ардын баатрууд мэндлэх дөхлөө. Өвлийн өвгөний бэлэг ч биш, өглөгийн эзний хишиг ч биш өөрсдөө мөнгөө төлөөд авч байгаа автобуснууд атал “Хүүе, Бээжингээс бүр яг хөдөллөө шүү, Эрээн рүү үнэхээр явцгааж байна гэнэ ээ, Замын-Үүдээр ороод ирчихлээ шүү дээ, Сүхбаатарын талбайд эгнүүлээд зогсоочихжээ, үнэн үү, одоо яана аа” гэх зэргээр хөл хөөрцөг болцгоолоо. Нөгөө талаар итгэл алдарч, сэтгэл цөхөрч, ихэд хаширсан хүмүүс эргэлзэн болгоомжилж, нүдээр харж, гараар барьж үзэх нь аргагүй.
Нууц панзаар авсан ногоон автобусны 600 сэг 320 тэрбумын үнэ хүрсэн. Хаширсан олны хяналт дор авсан 600 сааралд 150 тэрбумыг төлсөн. Нэг шинэ хятад саарлын үнэ 250 сая төгрөг, нэг хуучин ногоон 330 сая төгрөг. Цавчаа ногоонд аль хэдийнээ 130 тэрбум төгрөг тавиад туучихсан, хохирол төлбөр нь барагдаагүй байгаа тул өнөөдөртөө саарал бүр дээр ногооны үнэ оногдож байна. Уухилан аахилан утаа хаядаг, дүрэлзэн шатдаг өвгөн автобуснууд тэтгэвэртээ суувал саарлууд нэмэгдлээ гээд нийт автобусны тоо өсөхгүй юм.
Цавчаа ногооноос болж огцорсон түгжрэлийн экс сайд Ж.Сүхбаатар хиймэл оюун ухаан, троллуудаас айж байна. Ардын цэргийн жанжин Сүхбаатарыг биш автобусны жаа Жамъянхорлоогийн Сүхбаатар цавчаа ногооны хэрэгт яллагдагчаар татагдсаныг хиймэл ухаанаар биш өөрийн оюунаар санаж, хуурамч хаягаас биш жинхэнэ хаягаасаа шүүмжлэх эрх чинь нээлттэй.
АДМИН








Нийгэм




