-НИЙСЛЭЛЭЭС ХАЛТИРГААГ АРИЛГАХ АЖЛЫГ ДҮҮРЭГ РҮҮ ШИЛЖҮҮЛСЭН БАЙСАН-
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт болсон ослын талаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэл өглөө.
НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: Нийслэлийн онцгой комиссын дэд даргаар ахлуулсан шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Гал унтраах ажиллагаанд ус сувгийн удирдах газар усаар хангах ажлыг хийсэн. Осол гарсан бүсэд байсан 207 оршин суугчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн. 62 өрхийн 178 иргэн галын ослын улмаас хохирсон гэх ийм мэдээлэл ирсэн. Эдгээр иргэдийн нийгмийн баталгааг нь яаж хангах вэ гэх асуудал хөндөгдөж байгаа. Одоогийн байдлаар 13 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байна.
Хуулийн байгууллага ажиллаж дүгнэлтээ гаргасны дараа дагалдах хохирлыг хэрхэн барагдуулах талаар Нийслэлийн онцгой комисс дээр судалгааны ажлууд хийгдэж байгаа. 28 шатсан машин бий. Тэднийг зөөвөрлөх ажлууд хийгдэнэ. Хэргийн газрын үзлэг дууссаны дараа хэргийн газрыг цэвэрлэх ариутгах гэх шаардлагатай арга хэмжээг авна. Түүнчлэн галд өртсөн барилгын хийцлэлд нь өөрчлөлт орсон эсэх, нурах эрсдэлтэй юу, дахин ашиглах боломжтой юу гэх мэргэжлийн дүгнэлтийг хийнэ.
Хэргийн газрын мэдээлэл, нас барсан иргэдийн мэдээллийг хуулийн байгууллага өгнө. Миний харж байгаагаар хэргийн газрын үзлэг дуусаагүй байна. Одоогоор иргэдийн биеийн байдлын мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас авсан нь дээр. Нийслэлийн шуурхай штаб байгуулагдаж, бүрэн хүчээрээ ажиллаж байна. Халтиргаанаас болсон эсэхийг хуулийн байгууллага мэдээлнэ. Нийслэлээс халтиргаа гулгааг арилгах ажлыг дүүрэг рүү шилжүүлсэн байсан. Баянзүрх дүүргээс халтиргаа гулгааг арилгах ажлыг өдөр бүр хийж байсан гэх мэдээллийг өгсөн. Хуулийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж дараа дараагийн хэргийг нээнэ.
Б.АМАР
АДМИН








Нийгэм




