Dark Light
Нийгэм | 2024-02-14

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 7 иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллага 2024 оны хоёрдугаар сарын 5-9-ний өдрүүдэд 203 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112, Өмчлөх эрхийн эсрэг 59, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Авлига, албан тушаалын 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Мөрийтэй тоглоом зохион байгуулах болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын дарга Х.Э, ерөнхий нягтлан бодогч Х.Ц нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан нэр бүхий компаниудтай “Бэлтгэн нийлүүлэх” гэрээ байгуулж давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бүлэглэн, цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан нэр бүхий 7 иргэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын засаг дарга Б.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан эхнэр Э.Э-ийн үүсгэн байгуулсан “Э” ХХК болон иргэн Д.Г, М.У нарт хууль бусаар газар эзэмшүүлэх захирамж гаргаж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сайхан сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19