Цагдаагийн байгууллагаас сар шинийн өдрүүдийн гэмт хэрэг, зөрчил, эрүү, хэв журам, авто замын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээллийг өнөөдөр хийлээ.
ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг:
-Энэ жилийн баярын өдрүүдээр 6525 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 246, Зөрчлийн шинжтэй 5136 дуудлага мэдээлэл ирсэн байна. Дээрх дуудлагуудад холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийжээ. Зарим гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Үүнийг танилцуулахад, мансууруулах сэтгэцэд нөлөөтэй эм бэлдмэл хэрэглэсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеийн түвшинд байв. Залилах гэмт хэрэг 4 дахин буурсан. Хүн алах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хууль сахиулагчийг эсэргүүцэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд 25-66 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Зарим гэмт хэргийн дуудлага мэдээлэл өссөн. Үүнд хулгайлах гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн эсрэг үйлдэл хийх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 2-60 орчим хувь өссөн дүн үзүүлэлттэй байна.
Нийтийн хэв журам хамгаалах албаны дэд бөгөөд захиргаа удирдлагын хэлтсийн дарга хурандаа Н.Амарсанаа:
-Сар шинийн өмнөх өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулж иргэдэд хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй хуурамч архи хууль бусаар худалдах хэрэг нэмэгдсэн байна. Иймд цагдаагийн байгууллагаас уг хэрэгтэй холбоотой 96 фэйсбүүк хаяг, худалдан борлуулах зорилгоор нээсэн 74 группийг илрүүлж хяналт шалгалтын ажил зохион байгуулжээ.
Шалгалтын үр дүнд 250 орчим зөрчлийг илрүүлж 5,500 орчим шил архийг хураан авсан байна. Иргэд хувиараа хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй ямар нэгэн акц байхгүй, татвар төлөөгүй согтууруулах ундааг хөрш орнуудаас оруулж ирсэн зөрчлүүд ихээр илэрчээ. Мөн хэт доогуур хямд үнээр архи зарж байсан нэр бүхий зургаан архины үйлдвэрийн 10 нэр төрлийн архины татварын акцад шалгалт хийж зарим зөрчлийг илрүүлжээ. Иймд иргэдийг хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй согтууруулах ундаа худалдаж авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөв.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат:
-Улсын хэмжээнд 604 цэгт 2000 гаруй албан хаагчид ажилласан. Сар шинийн өдрүүдэд Яармаг, Нисэх, Сонсголон, Баянхошуу чиглэлд нэлээд ачаалал үүссэн. Уг түгжрэлийг арилгахын тулд биет зохицуулалтыг уулзвар, гарцуудад ихээр хийсэн. Цагаан сарын өмнөх өдрүүдэд ачаалал үүссэн зах худалдааны төвүүд дээр алба хаагчид зохицуулалт хийж ажилласан.
Иргэд бие биеийнхээ урдуур дайрдаг, урсгал сөрдөг байдал нь харьцангуй багаж соёлтой хөдөлгөөнд оролцдог болсон нь харагдсан. Цаашид аль болох цагдаагийн алба хаагчийн оролцоог багасгаж хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслүүдийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд аливаа зөрчлийг мэдээлсэн иргэдийг урамшуулах заалт байгаа. Үүнтэй холбоотой урамшууллын журам 2023 онд батлагдсан. Технологийн хувьд хийгдэж байгаа ажлууд бүрэн дууссаны дараа зөрчлийн талаар мэдээлсэн иргэд урамшуулал авах боломж бүрдэнэ. Өнгөрсөн онд 8 хүн нас барсан бол энэ жил нэг иргэн нас баржээ. Согтуу жолоочийн зөрчил өмнөх жил 144 байсан бол 61 болж буурчээ.
ТЦА-наас сар шинийн өдрүүдэд:
Эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 81
Зөвшөөрөгдсөн хурдыг 50 хүртэл хувиар хэтрүүлсэн 77
Зөвшөөрөгдсөн хурдыг 50 хувиас дээш хэтрүүлсэн 53
Техник бүрэн бус хөдөлгөөнд оролцсон 217
Зорчигч тээвэрлэх журам зөрчсөн 43
Ачаа тээвэрлэх журам зөрчсөн 29
Хамгаалах малгай хэрэглээгүй долоо
Хамгаалах бүс хэрэглээгүй 75 зөрчил болон эрэн сурвалжлагдаж байгаа 41 эд зүйлсийг илрүүлж ажилласан байна. Мөн Герман улсын төрийн тэргүүний манай улсад хийсэн айлчлал нь иргэд сар шинийн баярт бэлдэж байх үе буюу хөдөлгөөний эрчим нэмэгдсэн үед таарсан. Иймд цагдаагийн байгууллагаас аль болох иргэддээ хүндрэл учруулахгүйгээр хамгаалалтыг зохион байгуулсан гэв.
АДМИН








Нийгэм




