Dark Light
Нийгэм | 2024-02-15

Цаг биш цирк үзье

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинэ гуталтай хүүхэд доошоо харж яваад шон мөргөсөн гэдэг шиг Асашёорюү Д.Дагвадоржийн залуу эхнэр М.Отгонцэцэг үнэтэй цагаа үзүүлэхээр өрөөсөн ханцуйгаа шамалсан нь өргөн олны хараанд өртөв. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, Lamborghini-гээ унана уу, Louis Vutton-оо өмсөнө үү, хувийн эрх чөлөө. Бугуй, гараа 426 мянган доллар, 1,4 тэрбум төгрөгийн үнэтэй Richard Mille цагаар гоёх эсэх нь хувь хүний эрх. 

Гагцхүү нөхөр нь улсын циркийг нь хэвээр нь  үлдээнэ, үргэлжлүүлж гоё ажиллуулна гэж 2007 онд үүрэг хүлээж, гэрээ байгуулж, өөрийн болгож авснаас хойш хаалгыг нь барьж, хашаа хороо босгоод 17 жил өнгөрч байгаа тул олон түмэн өмчөө нэхээд бухимдаж байна. Улсын цирк АСА цирк боллоо гэж байхад төрж байсан хүүхэд цирк үзэж амжилгүй цэрэгт мордлоо.  

БНМАУ-д БНСРумын Улс 53 жилийн өмнө бэлэглээд, Монгол Улс Асашёорюүд цааш нь бэлэглээд, АСА цирк нэртэй болоод ассан ч юмгүй 17 жил өнгөрөөд, авааль эхнэрийнх нь хувийн компани гуя дагаж хүзүү гэх үү, хүзүү дагаж гуя гэх үү хажууд нь 35 давхар орон сууц барьж байна.  

Ганган хүний гар, бугуйн дахь гархи, цаг ямар үнэтэйдээ биш. Гар бариад бугуй барина гэдэгчлэн М.Отгонцэцэгийн хувийн “Рояал плаза” компани циркийн хавь ойр, хойд талын засмал зам, зүлэг ногоон байгууламжтай нь  эзэмшилдээ авсан. Долгорсүрэнгийн Сумъяабазар хотын дарга байхдаа А\308 тоот захирамж гаргаж, Долгорсүрэнгийн Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэгийн “Рояал плаза” ХХК-д циркийн хавь ойрын 1.3212 га газар олгосон. Хадам ах нь бэрдээ, төрсөн ах нь дүүдээ хотын төвийн газрыг зам харгуйтай нь, зүлэг ногоотой нь өгсөн баримт.  

Цавчаа ногоон автобусны улмаас хотын даргын сандлаас ойчсон Д.Сумъяабазар цирк үндсэн хэв маягаа алдахгүй, 2024 оны 04-р сард ашиглалтад оруулна, өдөр шөнөгүй ажиллаж байна  гэж жиргэсэн байна. Энэ үг, энэ огноог хугацааг цавчаа ногоон шиг мартчихалгүй яг таг, яс нарийн санаарай. 17  жилийн дараа циркт цирк үзье, цугаараа. Ядаж хүүхдийн баяраар хүүхдүүдээ хөтлөөд циркт уулзъя, бултаараа. Гоё цаг биш гоё цирк үзье, олуулаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19